Улаанбаатарт байгаа тансаг зэрэглэлийн ресторанууд ба тэдгээрийн онцлог

Мэдээ

Нийтийн хоолны салбарын орлого оны эхний улиралд жилийн өмнөхөөс 22.3 хувиар өсөж, 55.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүний 49 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа хоолны газрууд бүрдүүлснийг ҮСХ-ны эмхэтгэлд тусгажээ. Статистик үзүүлэлтийг нарийвчилж үзвэл, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ 71.1 хувиар, рестораны орлого 10.9 хувиар өссөн байна. Салбарын орлого өсөлттэй байгаа энэ үед тансаг зэрэглэлийн ресторануудын тоо мөн нэмэгдэж байна. Энэ ангилалд багтах ресторанууд нь байршил, орчин нөхцөл, үйлчилгээнээс гадна хоолны цэсээрээ ялгардаг. Тэгвэл Улаанбаатар хотын төв цэгт оршдог тохилог, өвөрмөц орчин бүрдүүлж үйлчлүүлэгчдэдээ онцгой хоол, зууш амттаныг “Monet”, “Rock Salt Restaurant & Lounge”, “Terrazza” ресторанууд санал болгож байгаа юм. Үйл ажиллагаагаа эхлээд ес орчим жил болж байгаа “Monet” ресторан нь үйлчлүүлэгчиддээ Франц болон Европ хоол санал болгодог. Рестораны онцлох цэсийн хувьд, галууны шарсан элэг, антиоксидант бүтээгдэхүүний орцтой салат, загас зэрэг дээд зэрэглэлийн зууш, хоол санал болгож байгаа юм.

Харин “Zaisan Square”-ийн наймдугаар давхарт байрлах “Terrazza” рестораны хувьд Газрын дундад тэнгисийн орнуудын хоолыг үйлчлүүлэгч нартаа санал болгодог. Харилцагчдадаа хоол, үйлчилгээгээрээ танигдаад дөрвөн жил болж байгаа төдийгүй өвөрмөц орчин бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. Тус рестораны хувьд хоолны орцонд орох мах, махан бүтээгдэхүүнээ өдөр бүр шинээр захиалж авдаг төдийгүй Итали улсаас хиам, бяслаг зэргийг импортолдог байна. Харин “Rock Salt Restaurant & Lounge” нь маш өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай гэдгээрээ үйлчлүүлэгчдийн анхаарлыг ихээр татдаг. Тухайлбал, рестораны зарим ханыг “Rock Salt” буюу давсан чулуугаар хийсэн бөгөөд энэ нь агаар цэвэршүүлдэг ажээ. Мөн рестораны гал тогооны шийдлийг үйлчлүүлэгч нарт шууд харагдахаар хийж өгсөн байна. Тэгвэл рестораныг бусдаас хамгийн онцгой болгож буй зүйл нь мастер тогооч нарын гар хийцээр бүтсэн хоол, зууш, амттанууд юм. Тухайлбал, ресторан “Lava stone” буюу халуун чулуун дээр махаа шарж бэлтгэдэг бөгөөд рестораны хоолны технологийг Канад улсаас нэвтрүүлжээ.



САНАЛ БОЛГОХ