Эрдсийн экспорт 54 хувиар өсөв

Түүхий эд


Оны эхний найман сард Монгол Улс 3.2 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортлосон байна. Энэ нь 2016 оны мөн үеэс 54 хувиар өссөн дүн болжээ. Нийт эрдсийн экспортын 48 хувийг буюу 1.5 тэрбум ам.долларыг нүүрснээс бүрдүүлсэн. Монгол Улс нүүрсний экспортоор Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж, нийт нүүрснийхээ 99 хувийг БНХАУ-д гаргаж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн статистик үзүүлэлтээр Австралийн нүүрсний нийлүүлэлт буурч, 2017 оны долдугаар сараас хойш тус түүхий эдийн үнэ 30-40 хувиар өссөн байна. Энэ нь Монгол Улсад том боломж болохыг гаднын ажиглагчид онцолж буй.

Үүнээс гадна 1.03 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортлосон нь жилийн өмнөхөөс 10 орчим хувиар буурсан үзүүлэлт боллоо. Үүнд “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн экспорт гол жин даржээ. Наймдугаар сарын байдлаар Лондоны үнэт металлын биржид нэг тонн цэвэр зэсийн дундаж ханш 6478.2 ам.доллар байсан нь өмнөх сараас 8.4, жилийн дүнгээр 36.1 хувиар өссөн дүн болж байгаа юм. Түүнчлэн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 10 гаруй хувиар буурч, 341.5 сая ам.доллар болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин газрын тосны экспортын биет хэмжээ 7.5 хувиар буурсан байхад үнийн дүн нь 12.5 хувиар өсөж , 244 сая ам.доллар болсон байна. Газрын тосны ханш он гарснаас хойш 10 орчим хувиар буурчээ.


САНАЛ БОЛГОХ