Оны эхний есөн сард 10689 хөрөнгө оруулагч шинээр үнэт цаасны данс нээлгэжээ

Мэдээ

2017 оны эхний есөн сарын байдлаар үнэт цаасны компаниар дамжуулан 10 мянга 689 хөрөнгө оруулагч үнэт цаасны данс шинээр нээлгэснийг marketinfo.mn мэдээллээ. Бүтцээр нь харвал нийт данс нээлгэгчдийн 98.4 хувь нь дотоодын иргэд байгаа бол 0.9 хувийг гадаадын иргэд бүрдүүлжээ. Харин үлдсэн хувийг дотоодын болон гаднын аж ахуйн нэгжүүд эзэлсэн байна. Есдүгээр сард шинээр 1777 данс Үнэт цаасны компаниар дамжуулан нээгдсэн нь өмнөх сараас хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо.

Тайлант хугацаанд 1763 дотоодын иргэн, гадаадын 10 иргэн, дотоод, гадаадын тус бүр хоёр аж ахуйн нэгж данс шинээр нээлгэсэн талаар Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс мэдээллээ. Энэ хугацаанд "Гүүдсек" үнэт цаасны компани хамгийн олон буюу 872 данс нээсэн бол "Блюскай секьюритиз" компани 341 данс нээж удааллаа. Судалгаанаас харахад 2017 онд шинээр үнэт цаасны дансаа нээлгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.




САНАЛ БОЛГОХ