Хөдөө аж ахуйн салбарын гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээс элсэн чихрийн импорт энэ онд өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улс 11 орноос элсэн чихэр импортолсны дийлэнхийг Тайландаас авчээ. Өмнөх жилтэй харьцуулахад элсэн чихрийн импорт 35 орчим хувиар өссөн байна. Дотоодын элсэн чихрийн зах зээлийн 75 хувийг дангаар хангадаг “Материал Импекс” компани сүүлийн худалдан авалтаар наймдугаар сараас 20 хувиар илүү элсэн чихэр импортолжээ. Үнийн хувьд улс орноосоо хамаараад ялгаатай байдаг ч нэг кг нь 40-60 центийн хооронд хэлбэлздэг байна. Энэ ханш дэлхийн жишигтэй ижил байгааг “Nasdaq” индексийн ханшийн мэдээнээс харж болохоор байгаа юм. Харин цагаан будаа голлон импортлогч 17 аж ахуй нэгж байдаг. Үүнээс "Техник Импорт" компани Японоос Монголд экспортолдог нийт цагаан будааны 98 орчим хувийг бүрдүүлж байна. Тухайлбал, есдүгээр сард хоёр сая тонн цагаан будаа импортолсон нь жилийн өмнөхөөс 10 дахин өссөн дүн болжээ. Үнийн хувьд япон цагаан будаа кг нь 1.5 ам.долларын ханштай байдаг талаар мэдээллээ. Харин хятад цагаан будаа кг нь 50-60 центийн үнэтэй байна. Дэлхийн зах зээлд есдүгээр сарын 15-наас эхлэн цагаан будааны ханш өдөр дунджаар гурван хувиар буурч байгаа аж.
Үүнээс гадна өнгөрсөн онд Монгол Улс улаанбуудай импортлоогүй. Харин энэ онд нийт ургацын 48 хувийг алдахаар байгаа юм. Иймд ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудайг тус улсын дотоод зах зээлийн үнээр авна гэж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-д улаанбуудай нэг тонн нь 400 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ үнийг “Nasdaq” индексийн өнөөдрийн ханштай харьцуулахад 12 ам.доллараар үнэтэй байгаа юм. Компаниуд импортын улаанбуудайг илүүд үздэг гол шалтгаан нь улаанбуудайн цавуулаг чанартай холбоотой аж. Гантай жилийн улаанбуудай цавуулаг сайтай байдаг жишгээр энэ жилийн улаанбуудайн цавуулаг чанар 25-30 байгаа юм.
Ноолуурын хувьд Монгол Улс дотоодын эрэлтээ 100 хувь хангаж байна. Оны эхний есөн сарын байдлаар 672 тонн самнасан ноолуур экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оны экспорттой харьцуулахад 35 хувиар өссөн дүн юм. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд Европын орнуудаас тэмээний ноосон хөнжил авах захиалга нэмэгдсэн талаар Ноос, ноолуурын холбоо мэдээллээ. Ингэснээр оны эхний есөн сард 25 мянган ширхэг тэмээний ноосон хөнжлийг экспортод гаргасан байна. Энэ дүн жилийн өмнөхөөс 3.2 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, “Говь” компани энэ онд 4.2 сая ам.долларын экспортын ашигтай ажиллaж, өнгөрсөн оны үзүүлэлтээ есөн хувиар өсгөсөн байна. Ноолуурын ханш Хөдөө аж ахуйн биржид нэг кг нь 60 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнийг БНХАУ-ын “Шинтай кашмер”-аас тогтоодог зах зээлийн үнэтэй харьцуулахад 6000 төгрөгөөр хямд байгаа юм. Харин “Nasdaq” индексийн өнөөдрийн ханштай харьцуулахад хоёр ам.доллараар хямд байна. Мөн хонины самнасан цагаан ноос Хөдөө аж ахуйн биржид 2210 төгрөгийн ханштай байгаа бөгөөд үүнийг олон улсын жишигтэй харьцуулахад 20 төгрөгөөр хямд байгаа ажээ.