Centerra Gold: III улиралд 276.2 сая ам.долларын орлоготой ажиллав

Мэдээ

Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаагаа тайлагналаа. Монгол Улсын Засгийн газартай Гацууртын ордтой холбоотой хэлэлцээр хийхээр хүлээж байгаа тус компани III улиралд 276.2 сая ам.долларын орлоготой ажиллаж , цэвэр алдагдал нь 0.8 сая ам.доллараар хэмжигдэж байна. Тус компани Кумтор ордын асуудлаар Киргизийн Засгийн газартай зөвшилцөлд хүрч 60 сая ам.долларын төлбөр төлөх тохиролцоо хийжээ. Мөн Монголын “Алтан цагаан овоо” төслөө 9.8 сая ам.доллараар худалдсан зэрэг нь санхүүгийн үзүүлэлтэд нь нөлөөлжээ. Аравдугаар сард Гацууртын төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн танилцуулсан юм. Үүнд дурдсанаар энэхүү төслийн ил уурхайд 1.3 сая унц алтны нөөц байгаа гэж тооцоолсон байна. Мөн уурхайн ашиглалтын хугацаанд 10 жилийн турш үйл ажиллагаа явуулахад жилд дунджаар 111 мянган унц алт олборлох боломжтой. Нийт бүтээн байгуулалтын капиталын өртөг нь 245 сая ам.доллар болно гэж тооцоо гаргажээ.

“Centerra Gold” компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид он гарснаас хойш 10 гаруй хувиар өсөж, долоон канад доллар орчимд хэлбэлзэж байна. Ерөнхийдөө алтны компаниудын хувьд ирэх он нэлээд өсөлттэй жил байна гэсэн төлөвийг салбарын шинжээчид онцолж байгаа юм. “ТD Securities” байгууллагын таамгаар ирэх онд алтны ханш дунджаар нэг унц нь 1313 ам.доллар болж, энэ оноос дөрвөн хувиар өсөхөөр байна. Мөн Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгийн тал дээр зах зээлд шок болохуйц өөрчлөлт хийхгүй гэж шинжээчид тооцоолжээ.



САНАЛ БОЛГОХ