Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэв

Мэдээ

Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгконг, Швейцар улсыг нэмж оруулахаар болсон байна. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох орнуудын тоо 49 боллоо. Мөн татварын ил тод байдлыг хангах , мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрхзүйн орчноо шинэчлэх төлөвлөгөөг баталсан гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцолсон байна. Европын Холбооноос анх удаа "татварын диваажин" болсон улс орон, бүс нутгуудын "хар жагсаалт"-ыг гаргасан бөгөөд энэ жагсаалтад багтсан Монгол Улс хамгийн багадаа жилийн дараа жагсаалтаас гарах боломжтой гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм.

Бусад орны иргэд Монгол Улсын аж ахуйн нэгж, арилжааны банкнуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой гэдэг шаардлагыг Европын Холбоо тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл “Татварын ил тод байдлаа дээшлүүлж чадвал хар жагсаалтаас гарах боломжтой” юм. Цаашдаа Европын Холбооны шаардлагыг биелүүлэхийн тулд хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүснэ гэж Сангийн сайд онцоллоо.



САНАЛ БОЛГОХ