“Хорионд” байгаа Элчин сайдууд

Мэдээ


Улстөржүүлж болох сэдэв, болдоггүй сэдэв гэж байдгийг сануулж, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, гадаад бодлогын хувьд нэгдсэн нэг бодлоготой байх ёстойг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өөрийн өрөөндөө дуудан уулзахдаа хатуухан хэлж байсан удаатай. Улс төрийн намаас илүүтэйгээр улс орны эрх ашиг тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэх учиртай тул гадаад бодлогоор улстөржих ёсгүй гэдгийг тэрбээр сануулсан юм. Гэвч өнөөгийн дүр зургаас харахад төрийн институт хоорондын зөрчил эцэстээ гадаад бодлогод сүүдрээ тусгаж, Монгол Улс итгэл хүлээлгэсэн Элчин сайд нараа үдэж чадахгүйд хүрээд байна. Үүнийг ч парламентын танхимд хэлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг бататгаж буй. Тэрбээр “Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал байна. Гадаад талдаа асуудлаа тавихаас өмнө дотооддоо байр сууриа нэгтгэдэг байх, энэ зохицуулалтыг нь хангах үүргийг Гадаад харилцааны яам хариуцах учиртай. Энэ үүргээ биелүүлэхэд нь төр, засгийн бусад объект дэмжлэг үзүүлэх ёстой” хэмээн парламентын бүрэлдэхүүнд хэлсэн боловч үнэн хэрэгтээ тэр энэ үгээ төрийн тэргүүнд дайсан юм.

Өнгөрсөн тавдугаар сард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаа төлөөлөх өндөр хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэж чадна хэмээн үзэж, нэр бүхий зургаан Элчин сайдад итгэл хүлээлгэсэн. Улмаар УИХ баталсан ч өнөөдрийн байдлаар гурван Элчин сайд л төрийн тэргүүнээс “виз”-ээ авч, үүрэгт ажилдаа ороод буй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан А.Баттөр Францыг зорьсон бол Стратегийн судалгааны хүрээлэнг удирдаж байсан Д.Ганбат Германы Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа орсон. Үүнээс гадна өнгөрсөн парламентад Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогын зөвлөхөөр багахан хугацаанд хүчин зүтгэсэн Л.Пүрэвсүрэн мөн л Швейцарын Холбооны улсад Монгол Улсыг төлөөлж байна. Харин МАН-ын гэх тодотголтой нэр бүхий гурван Элчин сайд Ерөнхийлөгч Х.Баттулгаас зөвшөөрөл авч чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тодруулбал, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Чимгүүндарь болон Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Тэнгэр нар эх орондоо “хорионд” ороод даруй долоон сар болжээ. УИХ баталсны дараа Гадаад харилцааны яам тухайн улс руу Элчин сайдаар томилсон хүнээ танилцуулж, хүлээж авах, эсэхийг нь тодруулж, эерэг хариу авсан байна.

• Өнөөдрийн байдлаар гурван Элчин сайд л төрийн тэргүүнээс “виз”-ээ авч, үүрэгт ажилдаа ороод буй.

• МАН-ын гэх тодотголтой нэр бүхий гурван Элчин сайд Ерөнхийлөгч Х.Баттулгаас зөвшөөрөл авч чадахгүй байна.

• С.Баяр болон М.Энхсайхан нарыг Элчин сайдаас нь эгүүлэн татах хүсэлтэй байгаагаа албан болон албан бусаар эрх баригч хүчинд илэрхийлсэн.

Гэвч Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгээ авч чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Монгол Улсын үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон төрийн тэргүүн өөрийн гаргасан шийдвэрээ албан ёсоор тайлбарлаагүй ч улс төрийн тохиролцоо хийхээр УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-д санал тавьсан гэдгийг ойрын эх сурвалж дуулгаж байна. Тэрбээр С.Баяр болон М.Энхсайхан нарыг Элчин сайдаас нь эгүүлэн татах хүсэлтэй байгаагаа албан болон албан бусаар эрх баригч хүчинд илэрхийлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр албан бичиг хүргүүлсэн юм. Санал ёсоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ гаргана. Гэхдээ түүний оронд хэнийг томилох нь тодорхой болсны дараа УИХ энэхүү асуудлыг хэлэлцэх юм. Харин Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайханыг хэрхэх талаар тодорхой мэдээлэл алга. Хэрэв УИХ-д 65 суудалтай МАН Ерөнхийлөгчийн саналыг хүлээн зөвшөөрч, нэр заасан хоёр Элчин сайдыг эгүүлэн татвал томилолтоо аваад долоон сарын нүүрийг үзэж буй гурван Элчин сайд Ерөнхийлөгчөөс итгэмжлэх жуух бичгээ гардаж авах нөхцөл бүрдэх аж.

Ингэснээр Монголыг гадаадад төлөөлөх үүрэг хүлээдэг Элчин сайдын албыг засгийн эрхийг барьж буй улс төрийн хүчин, аль эсвэл төрийн тэргүүн өөрийн тойрон хүрээлэгчдэдээ шагнал болгож өгдөг “тогтолцоо” үргэлжилнэ. Харин Гадаад харилцааны сайд асан, дипломатч Л.Гэрэлчулуун “Ямар ч улс орон гадаад бодлогод туршилт хийдэггүй. Гадаад бодлого хөдөлгөөнгүй, тууштай байх ёстой. Өөрөөр хэлбэл, улс орны гадаад бодлого дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон хууль тогтоогчид өөр өөр байр суурь илэрхийлэх ёсгүй. Хэрэв Ерөнхийлөгч татгалзсан хариу өгч байгаа бол үндэслэлээ тодорхой гаргах ёстой” гэдгийг сануулсан юм. Мөн Монгол Улсыг төлөөлөх Элчин сайд дипломат албаны сор нь байх ёстойг тэрбээр хатуухан анхааруулав. Элчин сайд нь гадаад улсад болон олон улсын байгууллагад өөрийн улсаа төлөөлөн сууж, иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үүрэгтэй дипломат зэрэг, цол бүхий албан тушаалтан билээ.


САНАЛ БОЛГОХ