“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой маргаан “Standard” банкны талд шийдэгдлээ

Мэдээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой олон улсын Арбитрын маргаан "Standard" банкны талд шийдэгдлээ. Tодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр нь “Standard” банканд нийт 99 сая ам.долларыг төлөх Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Засгийн газар хүлээн авсныг эх сурвалж мэдээлж байна. Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ асуудлаар өгсөн тайлбартаа "Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй" хэмээн онцоллоо. “Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Standard” банкнаас авсан 109 сая ам.долларын зээлийн маргаан яригдсаар ирсэн юм. Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Standard” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна. Хэдий тийм боловч Арбитрын шүүх “Standard” банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэр гаргажээ. Лондоны Арбитр энэ маргааны талаар хамгийн сүүлийн шийдвэрээ оны өмнө гаргасан байна.

Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэр 51 сая ам.доллараа урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдах эрхтэй гэж дүгнэсэн байгаа юм. “Standard” банк 51 сая ам.доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж мөн Арбитрт хандсан байна. Лондоны Арбитр энэ нэхэмжлэлийг мөн хангаж зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Standard” банканд олгох шийдвэр гаргажээ.



САНАЛ БОЛГОХ