Ц.Сүхбаатар: Газар нутгаа өрөндөө алдана гэж санаа зовох шаардлагагүй

ЗГМ: Зочин


Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал энэ засгийн хувьд тун чухал


Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарыг сониныхоо зочноор урьж, ярилцлаа. Гадаад харилцааны яаманд насаараа ажилласан тэрбээр Их Британи, БНХАУ-д Элчин сайдын хариуцлагатай албыг олон жил хашиж байв. Бидний яриа Ерөнхий сайдын өмнөд хөршид хийх айлчлал, Монгол, Хятадын харилцаа, Далай ламын асуудал гээд олон сэдвийг хөндөн өрнөсөн юм.

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх удахгүй өмнөд хөршид албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ айлчлалын зорилго, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Сонгууль болж, Засгийн газар солигдсоноос хойш Монгол, Хятадын харилцаа тодорхойгүй, зогсонги байдалтай явж ирлээ. Өмнө нь хэдийгээр Ерөнхий сайд, УИХ-ын даргын хэмжээнд айлчлал болсон ч томоохон асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээр байна.

Харин одоо хийх айлчлал энэ Засгийн газрын хувьд их чухал. У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэж байгаа хугацаандаа хоёр орны харилцаа, томоохон төслүүд дээр ямар байр суурь баримтлах, асуудлыг яаж шийдэх нь айлчлалаас харагдах байх. Айлчлалаар тодорхой шийдэлд хүрвэл харилцаа цаашид үргэлжлэх, илүү өргөсөх төлөв байна. Ер нь Засгийн газрын тэргүүний айлчлал хамгийн чухал байдаг. Ялангуяа, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй.

Монгол , БНХАУ-ын харил цаанд ямар нэг маргаантай асуудал алга


-Таныг Элчин сайд байх үед Ши Жиньпин дарга Монголд айлчилсан. Ер нь төрийн өндөр дээд айлчлалыг зохион байгуулах бэлтгэл ажилд хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Өнгөрсөн түүхээс харахад, Хятадын үе үеийн удирдагчид бүрэн эрхийнхээ хугацаанд 1-2 удаа Монголд айлчилсан байдаг. 2003 онд Ху Жинтао ирж байсан. Харин Ши Жиньпин дарга Төрийн тэргүүн болоод удаагүй байхдаа Монголд айлчилсан. Манай талаас энэ хугацаанд Ерөнхийлөгчийн хэмжээнд хоёр ч удаа айлчилсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед хоёр улсын Төрийн тэргүүн биечлэн уулзсан тоогоороо Путиний дараа орж байсан. Энэ бол хоёр орны харилцааны түвшинг илэрхийлж байгаа том үзүүлэлт. 2014 оны айлчлал хоёр орны харилцаанд түүхэн гэж онцлохоор болсон.

Ер нь төрийн айлчлал хийхэд улс төрийн уур амьсгал, харилцан ойлголцол, итгэлцэл чухал. Энэ бүхэн бүрдсэн тохиолдолд өндөр дээд хэмжээний айлчлалыг зохион байгуулдаг. Улс төрийн шийдвэр гарсан тохиолдолд эдийн засгийн бусад асуудал шийдлээ олдог юм. Иймээс Төрийн тэргүүний дээд хэмжээний айлчлалыг бэлдэхэд маш их хугацаа орно, өмнө нь яамдуудын түвшинд айлчлал, уулзалт зохион байгуулдаг. Айлчлалын үеэр хамгийн чухал нь улс төрийн баримт бичиг гаргадаг. Тухайлбал, 2014 оны айлчлалын үеэр стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тунхаг бичигт хоёр Ерөнхийлөгч гарын үсэг зурж байв. Энэ бол хоёр орны харилцааг олон арван жил хөгжүүлэх түүхэн баримт бичиг.

-Манай улс стратегийн түншлэлийн харилцаандаа тууштай байж чадаж байгаа юу?
-Стратегийн түншлэл гэдэг урт хугацаанд тогтвортой байдлаар харилцаагаа авч явах агуулгатай. Иймээс стратегийн том том асуудлыг шийддэг. Хятадын хувьд Монгол Улс хуурай замаар хамгийн урт хиллэдэг улс. Хятад улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамгийн сайн харилцаатай байх бодлоготой. Монгол бол Хятадын хувьд чухал хөрш. Хятадын өндөр хурдацтай хөгжиж байгаа боломжийг Монгол Улс цаашдынхаа хөгжилд ашиглах бүрэн боломжтой гэж үздэг. Манай хоёр орны тухайд сүүлийн 30, 40-өөд жилийн харилцаанд ямар нэгэн маргаантай, шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудал байхгүй. Доошилсон юм уу, хүндэрсэн асуудал ч байхгүй. Яахав, сонгууль болж, төр засаг өөрчлөгдсөнөөс болоод цаг хугацааны хувьд хоцорч буй тал бий. Гэхдээ ерөнхийдөө харилцаа хэвийн, стратегийн түншлэлийн хэмжээнд хөгжөөд явж байгаа.

-Ши Жиньпин дахиад олон жил төрийн эрх барих нь хуулиараа нээлттэй болчихлоо. Өмнөх дарга нартай харьцуулахад ямар онцлогтой удирдагч вэ. Монголын талаар ямар бодолтой байдаг бол?
-Хятадын үе үеийн удирдлагууд хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллаад дараагийн үедээ эрх мэдлээ шилжүүлдэг байсан. Харин Ши Жиньпин даргын хувьд нас залуу байна. Мөн улс орны хөгжлийн маш эгзэгтэй үед төрийн жолоог гартаа авсан. Тодорхой зорилгоо хэрэгжүүлэх үүднээс төр барих хугацаагаа сунгуулж байгаа болов уу гэж ажиглагчид дүгнэж байгаа. 1.3 тэрбум хүнтэй, маш том эдийн засагтай энэ улсад хамгийн чухал нь тогтортой байдал. Тиймээс тогтвортой хөгжлийг хангаснаар ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэсэн чиг баримталж яваа хүн. Хувь хүний хувьд Монгол Улсад их элэгтэй ханддаг. Манайд ирээд их сайхан халуун дотно үг хэлж байсан. “Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд бидэнтэй хамт суухыг урьж байна. Бүгдээрээ хамтдаа хөгжье. Бид өөрийн хөгжлийн боломжоос та нартай хуваалцъя” гэж байсан. Мөн “Манай улс том, хөгжилтэй орон гэдгээрээ давуу эрх эдлэхгүй. Зарим тохиолдолд манай талд ашиггүй байсан ч бид Монголтой харилцах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгч байгаа” гэж хэлж байсан. Нэг ёсондоо хоёр орны харилцааг цаашид тогтвортой, дотно хэлбэрээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа тодорхой илэрхийлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ши Жиньпин даргатай хувь хүнийхээ үүднээс ойр харилцаа бий болгож чадсан. Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй айлчлах байх. Хөрш орны тэргүүнүүдийн хувьд өмнө тогтоосон түвшингээ алдалгүй, ойр ойр харилцдаг, бие биенээ харилцан ойлгодог байх нь аль аль талдаа ашигтай.

-Хятадад Элчин сайдаар томилогдох нь нэр төрийн хэрэг, дипломатуудын дунд өрсөлдөөн ширүүн байдаг гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?
-Ер нь Монголын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх орон нь хоёр хөрш. Хамгийн том ЭСЯ ажилладаг, харилцааны хамгийн гол түнш гэдэг утгаараа энэ хоёр оронд Элчин сайдаар суух нь үнэхээр хариуцлагатай ажил. Сонгуулиар ямар нам гарахаас үл хамааран аль болох туршлага, чадвартай хүмүүсийг томилох эрмэлзэл манай улсад байдаг. Тиймээс энэ хоёр улсад Элчин сайд болох хувь хүний сонирхол байхыг үгүйсгэхгүй. Намайг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх байх үед Хятадад суух Элчин сайдаар томилж байлаа. Тухайн үед дотоодод ямар өрсөлдөөн өрнөснийг мэдэхгүй юм.

-Та урд хөршид Элчин сайдаар долоон жил ажилласан. Хийж бүтээсэн гол ажлаа дүгнэхгүй юу?
-Намайг ажиллах хугацаанд Ши Жиньпин даргын айлчлал болж, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ бол ойр ойрхон байгуулаад байдаг зүйл биш. Ойрын 10 жилдээ хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлох баримт бичиг байх болов уу. Мөн Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалт дөрвөн удаа зохион байгуулагдсан. Энэ уулзалтыг дэмжүүлэх, тодорхой хэмжээний асуудлыг шийдвэрлүүлэхэд Хятадын талтай багагүй ажилласан. Өөр нэг чухал зүйл нь Монгол Улс, Хятадын нутгаар дамжин далайд гарах томоохон асуудал шийдэгдсэн. Зүүн хойд Хятадын далайн эргийн бүх боомтыг Монгол Улс чөлөөтэй ашиглах боломжийг нээж өгсөн. Мөн экспортод гаргаж буй уул уурхайн түүхий эдийн гуравны нэгийг Хятадын нутгаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэж, гуравдагч оронд гаргахыг Хятадын тал зөвшөөрсөн. Хэрэв хэрэгжүүлж чадвал бидэнд асар их боломж нээгдсэн. Манай хилээс мянга гаруйхан км-ийн зайтай далайн боомтууд байна. Хэрэв төмөр зам тавигдах зэргээр нөхцөл нь бүрдчихвэл энэ боомтуудыг бид ашиглахад нээлттэй. Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ гурван ажлыг бүтээхэд хувь нэмрээ оруулсандаа бахархаж явдаг.

Монгол Улс 1990-ээд оны шилжилтийн үед гадаад бодлогоо маш зөв тодорхойлсон
-Тэгвэл амжуулж чадаагүй, дотроо харамсаж явдаг ажил байдаг уу?
-Байлгүй яахав. Жишээ нь, “Таван толгой”-н төслийг эвийг нь олоод зөв зохистой шийдвэрлүүлж чадсангүй. Асар их баялагтай уурхай манайд байна. Энэ баялгийг хэрэглэх зах зээл нь дэргэд байна. Гэвч дотооддоо тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас шийдэгдэлгүй одоог хүртэл явж ирлээ. Үүнээс гадна хэд хэдэн томоохон төсөл яригдаж байсан. Эгийн голын цахилгаан станцыг Хятадын тал санхүүжүүлэхээр ярилцаж байсан ч зогсонги байдалд орчихсон. Шивээ овоогийн нүүрсний уурхай дээр цахилгаан станц барьж, гарсан эрчим хүчээ экспортлох төсөл яригдсан ч ажил хэрэг болоогүй. Хэрэв хэрэгжүүлсэн бол эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй Хятад руу олон жилийн турш экспортолж, байнгын орлогын эх үүсвэртэй болох боломж байсан юм. Цааш нь яривал төмөр зам байна. Төмөр замаар Хятадтай холбогдох асуудал олон жил яригдлаа. Миний үед шийдэгдэх түвшинд хүрч ирсэн ч бас л хойшилсон. Мөн Ши Жиньпин дарга манайд айлчлах үеэрээ тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо амлаж байсан. Үүнийг авч ашиглах асуудал одоо хэр нь удаашралтай байна. 20 жилийн хугаатай, хоёр хувийн хүүтэй, эхний долоон жил хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө гээд маш гоё нөхцөлтэй зээл. Ийм зээлийг бид ашиглаж, бүтээн байгуулалтаа хийх л ёстой. Одоо Ерөнхий сайдын айлчлалаар энэ асуудлыг хэрхэн шийдэхийг хараад сууж байна даа.

Далай лам Монголд айлчлахыг Хятадын тал маш эмзэг хүлээж авдаг


-Хятадын байр суурь жилээс жилд томорч байна. Энэ том эдийн засгийн хаяанд байгаа Монгол Улс ямар байр суурь баримталбал улс төр болон эдийн засгийн хувьд ашигтай байх вэ?
-Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг боллоо. Дэлхийн улс төрийн бодлогын нэг төв болж байна. Бас дотооддоо тогтвортой, тайван замаар өсөн хөгжиж байгаа нь манай улсын хувьд нэн таатай нөхцөл. Монгол Улс 1990-ээд оны шилжилтийн үед “Хоёр хөрштэйгөө нэн тэргүүнд ижил түвшинд харилцана гэж” гадаад бодлогоо маш зөв тодорхойлсон. Энэ бодлогыг хоёр хөрш маань маш сайн ойлгож хүлээж авсан. Бид цаашид энэ бодлогоо л тууштай баримтлах ёстой. Хятадын хувьд санхүүгийн боломж өндөр. Технологио мундаг хөгжүүлчихлээ. Хамгийн гол нь газарзүйн байрлал. Манай гол уурхайнууд Хятадын хилд ойрхон. Энэ боломжууудыг л зөв ашиглах ёстой. Гэвч хардлага сэрдлэг зэрэг янз бүрийн юмнаас болоод цаг алдаж байна. Дээр нь улс төр, эдийн засгийн дотоодын бүлэглэлүүдийн зөрчил, тэмцлээс болоод чухал төслүүд саатах юм.

-Америк, Хятадын хооронд өрнөсөн худалдааны дайн олны анхаарлын төвд байна. Энэ зөрчил Монголд нөлөөлөх үү?
-Хятад, Америк хоёр бол асар том түншүүд. Худалдааны зөрчил өмнө нь ч байсан. Одоо нэлээд ил гарч байх шиг байна. Гэхдээ нэг их хурцдахгүй байх. Яагаад гэвэл, бие биенээсээ харилцан хамааралтай болчихсон улс. Тиймээс санал зөрөлдөөнтэй асуудлаа шийдээд явах байх. Тэдний хоорондын зөрчил манайд айхтар тусахгүй биз дээ.

-Далай ламын айлчлал хоёр орны харилцааг эмзэг болгодог. Ер нь Хятадын баримталж буй хатуу бодлого яагаад өөрчлөгддөггүй юм бол?
-Хятад бол үндэсний эрх ашигтай нь зөрчилдсөн л бол гадаад бодлогодоо ямар ч ухралт хийхгүй гэсэн хатуу байр суурьтай улс. Далай ламыг Хятадаас салан тусгаарлах улс төрийн үзэлтэй хүн гэж үздэг. Манай улсын хувьд шашны урсгал ижил болохоор сүсэг бишрэлтнүүдийн дээдэлдэг амьд бурхан нь Далай лам. Тиймээс зарим тохиолдолд үл ойлголцох асуудал гарна. Далай лам Монголд айлчлахыг Хятадын тал маш эмзэг хүлээж авдаг. Зөвхөн Монгол гэлтгүй Энэтхэг, Хятадын харилцаанд ч Далай ламын асуудал нөлөөлдөг. Харин сүүлийн үед Энэтхэгийн тал харилцаагаа хөгжүүлэх үүднээс Төвөдийн асуудлыг хойш нь тавих чиг шугам руу орж байх шиг байна. Бидний хувьд аль ч улстай харилцахдаа үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд тавих ёстой.

-Далай лам Монголд айлчилсны дараа Хятадын талаас анхааруулга өгч, манай Гадаад харилцааны сайд уучлалт гуйж байсан нь саяхан. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Ер нь Хятадын талаас “Бид танай шашны бие даасан байдлыг хүндэтгэж үзнэ ээ. Гэхдээ Далай ламын асуудал манай үндэсний язгуур эрх ашигтай холбоотой. Бид энэ асуудалд хэрхэвч буулт хийхгүй. Тиймээс болгоомжтой, зүй зохистой байр суур баримтлаач ээ” гэдгийг ил тод хэлдэг. Үүнийг хүн бүр мэдэж байгаа.

-Олон улс Хятадаас их, бага хэмжээний зээл авдаг. Зээлээ төлж чадахгүйд хүрэхээр газар нутгаа өгсөн тохиолдол ч гарлаа. Үүнтэй уялдаад Монгол Улс бас зээлийнхээ хариуд газар нутгаа алдах нь гэж болгоомжилдог. Энэ үнэхээр санаа зовох асуудал мөн үү?
-Тажикистаны жишээг яриад байх шиг байна. Тэр нь ЗХУ-ын үеэс маргаантай байсан газар юм билээ. Тэгээд зээлээ төлж чадахгүйд хүрэхээр өөрсдөө хүсэлт тавиад, газар нутгаа өгсөн. Харин “Танайх өртэй учраас газар нутгийг чинь авна” гэсэн зүйл байхгүй. Угаасаа олон улсын хуулиар хориотой зүйл. Манай улс Хятадад багагүй өртэй. Энэ өрийг Хятадын талаас айхтар шахахгүй байгаа шүү дээ. Бүр нарийн яривал, 1960-аад оны үеэс хойш хуримтлагдсан өр хүртэл байдаг. Энэ зэргийн зээл бол хоёр хөршийн хооронд байдаг л асуудал. Тэгээд ч манайх бусдаас зээл аваад түүнийгээ төлж чадахгүйд хүрэх тартагтаа тулсан улс биш шүү дээ. Хятадад дургүй хүмүүс манайд байдаг л байх. Гэтэл зарим нөхөд улам дэвэргэж, газар нутгаа алдах нь гэж сүр бадруулан ярьдаг болов уу. Бид эдийн засгаа сэргээхийн тулд олдож байгаа хөнгөлөлттэй зээл тусламжийг ашиглах л ёстой. Хамгийн гол нь авсан зээлээ зөв зарцуулах нь чухал. Зээл аваад, өрөндөө газар нутгаа өгнө гэдэг хэзээ ч тохиолдохгүй зүйл. Үүнд санаа зовох ямар ч шаардлагагүй.

-Манай улс дипломат бодлогоороо алдартай. Сүүлийн үед сайн дитломатуудыг эрт тэтгэвэрт нь гарган залгамж халаа нь тааруу болсон гэдэг юм билээ?
-Би зөвхөн хувийн бодлоо л хэлье. Гадаад бодлого гэдэг аль ч улсын хувьд чухал салбар. Тиймээс боловсон хүчний нөөцдөө анхаарал тавьж, залгамж чанарыг нь алдагдуулахгүй явдаг. Харин манайд сүүлийн арваад жил засаг төр солигдох бүрт төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хувийн үзэмжээр сольж, холих явдал ихэссэн. Энэ нь гадаад бодлогод ч нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Төрт ёсны айхтар бодлоготой улсад төрийн бодлогын шийдвэр гаргах хамгийн чухал хүн нь тухайн яамны газрын дарга байдаг. Ийм албанд ихэвчлэн 50-иас дээш насны хүнийг томилдог. Эзэмшсэн чиглэлээрээ эртнээс бэлтгэгдэж, туршлага, мэдлэг хуримтлуулсан байдаг болохоор тэр.

Гэтэл өнөөдөр Гадаад харилцааны яаманд 50-иад насны хүн газрын дарга хийж байгаа тохиолдол тун ховор. Дандаа гучин хэдтэй залуучуудыг авчраад тавьчихсан. Бас гадаад бодлого ойлгохгүй нөхдүүд мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөгөөг авахгүйгээр хамаагүй шийдвэр гаргадаг байдал их ажиглагдаж байна. Нэг том дарга гарч ирээд энд тэнд дураараа юм ярьдаг. Энэ бол их аюултай.

-Ярилцсанд баярлалаа.


САНАЛ БОЛГОХ