"Монгол-Солонгосын гарааны бизнесийн ХАБ-ыг хөгжүүлэх, хамтран ажиллах" төсөл Монгол улсад
Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ-ын санаачилгаар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэл, стартапын яам, түүний харьяа “Солонгосын стартап болон энтрепренер хөгжлийн хүрээлэн” (Korea Institute of Startup & Entrepreneurship Development (KISED))-гийн зүгээс “Монгол-Солонгосын Гарааны Бизнесийн ХАБ-ыг Хөгжүүлэх, Хамтран Ажиллах” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын төлөөлөгчид өнгрөгч долоо хоногийн 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчлан, холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, ажиллаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Гарааны бизнес, энтрепренерийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал И Гён, БНСУ-ын Чун Ан их сургуулийн профессор Чу Ён Шик, Сувон хотын Ажоу их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Ким Хан Сун нар багтсан билээ.
“Монгол-Солонгосын Гарааны Бизнесийн ХАБ-ыг Хөгжүүлэх, Хамтран Ажиллах” төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, гарааны бизнесүүдийг дэмжих замаар Монгол Улсад стартапын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох, мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байрыг сайжруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготой юм.
Төлөөлөгчид нь тус айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат; Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч С.Амарсайхан: БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан, Технологийн Бодлогын Газрын дарга Д.Одгэрэл: Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газрын дарга Б.Мөнх-Оргил нартай уулзаж, санал бодлоо хуваалцахаас гадна Монгол дахь гарааны бизнес, стартапуудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор “HUB Innovation center”, “Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк”, “Startup Mongolia / Moffice” зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцлаа.
Төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан удирдах албаныхан энэхүү төслийг Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, “Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр-II” зэрэгтэй нийцэж байгаа бөгөөд Монгол Улсад нэн хэрэгцээтэй үйл ажиллагаа тул хамтран хэрэгжүүлэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газар; Мэдээлэл, Технологийн Үндэсний Парктай хамтран ажиллах тухай санал солилцлоо.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй