COVID-19-ийн үед юу болдог вэ?

UB Info

Анх сарьсан багваахайгаас гаралтай гэгдэх COVID-19 нь амьсгалын замын халдвар үүсгэдэг бусад вирустэй төстэй боловч зарим онцлог шинжүүдийг нь энэхүү бичвэрээрээ дурдах болно.

Вирус тээгч ханиаж найтаах замаар агаарт халдвартай дуслуудыг цацахад түүгээр амьсгалах болон халдварлагдсан гараараа нүд, хамар, амандаа хүрэх нь таны бие рүү нэвтэрч халдвар дамжих гол шалтгаан болдог ажээ. Харин халдвартай дуслууд ямар нэг гадаргуу дээр унахаараа тодорхой хугацаанд идэвхтэй оршин тогтнодог ба тэр хугацаанд хүрэлцвэл цааш мөн ижил зүйл болно.

Вирус амьсгалаар нэвтрээд уушгины хийн солилцоо явуулах гол хэсэг болох цулцангийн хучуур эсийн гадаргууд байдаг АСЕ 2 (ангиотензин 1 хувиргагч ферментийн) рецепторт холбогдоно. Холбогдсон эс рүү гадна бүрхүүлийн уургаа задалж өөрийн РНХ-ийг нэвтрүүлэхэд л хангалттай. Ингээд эсийн материалыг ашиглан өөрийн удмын мэдээллийг олон дахин хуулбарлаж хангалттай олон тоотой болоход тухайн эс ч үхэж, ялгарсан вирусүүд ойр орчмын эсээс эхлээд мөн адил зарчмаар цааш өсөж үржинэ. Коронавирус нь геометр прогрессоор үржиж цаг хугацаа өнгөрөх тутам улам олноор ихсэх болно.

Эхний халдвар авсан өдрөөс хойш арваад хоногийн дараа гэхэд хэдэн сая эсийг устгаж, хэдэн тэрбумаараа өсч үржсэн байна. Хэдий танд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа үед ч дархлааны тогтолцоонд тань сүрхий хохирол учруулж байх юм. Энэ үед дархлааны тогтолцоо эрчимтэй ажиллана. Дархлаа нь таныг хамгаалахын тулд өөрийн эсүүдээ хамт устаж орхидог гэмтэй ба тэдэнд нарийн зохицуулалт хэрэгтэй байдаг. Өвчилсөн хэсэгт дархлааны эхний шатанд ялгардаг цитокиний үйлчлэлээр өвөрмөц фермент ялгаруулж устгадаг нейтрофил эсүүд, Т устгагч эсүүд цугларан гэмтсэн хэсэгт үйлчлэх юм. Коронавирус нь дархлааг маш хүчтэй цочроож маш их дархлааны эсүүдийг татан оролцуулсны улмаас эд эрхтэнд удаан хугацааны хүндхэн гэмтэл учруулдаг ажээ. Энэ нь уушгины амьсгал явуулах үйл ажиллагааг алдагдуулж өвчтөнийг амьсгалын дутагдалд хүргэнэ.

Амьсгалын дутагдал гэдэг нь хүний цусанд байх хэвийн хүчилтөрөгчийн хийн парциал даралт буурч эд эс хүчилтөрөгчөөр дутагдахыг хэлнэ. Ихэнх тохиолдолд дархлааны эсүүд халдварлагдсан эсүүдийг бүр мөсөн устгаж вирус цааш халдахгүй болно. Халдвар хөнгөн явцтай үед ихэвчлэн халуурах шинж илэрч байгаа бөгөөд хүнд тохиолдол яг хэдэн хувьд нь илэрч байгааг тодорхойлоход хангалттай баримт байхгүй байна. Хүндэрсэн тохиолдолд ихэвчлэн амьсгал дэмжих аппарат шаардлагатай болдог байна. Олон хоногийн турш дархлааны тогтолцоо вирусийн эсрэг тулалдаж үхэж үрэгдсэн байх энэ сул дархлаатай үед бактериуд ч зүгээр суудаггүй ажээ. Тэдний хувьд уушги бол хоол ундтай, дулаахан, онгорхой байр болж хувирна. Уушгинд бактериуд төвхнөөд ирэхийн цагт уушгины хатгаа болох цаашид цус руу халдвар орж бүх эрхтэнд нөлөөлснөөр хүний амийг хөнөөх хангалттай шалтгаан болдог. Коронавирус бол жирийн ханиад томуунаас илүү аюултай халдвар юм.

Ханиаднаас хамаагүй илүү хурдан бөгөөд амархан халдварладаг болохыг тогтоосон. Корона нь хурдан, удаан гэсэн 2 замаар цар тахал үүсгэнэ. Халдвар дэгдэж эхлэхэд хэр түргэн хариу арга хэмжээ авснаас шалтгаалж аль нэг замаар тархана. Хэрэв хариу арга хэмжээг түргэн авалгүй тархаваас илүү олон хүний амийг авдаг байна. Учир нь нэгэн зэрэг олон хүн өвчилбөл тухайн бүсийн эмнэлгийн ачаалал гэнэт ихсэж үүнийг зохицуулах өндөр чадамж шаардах юм. Олон хүмүүс үхнэ. Эмнэлгийн ажилтнууд ч халдварт өртөнө. Эрүүл мэндийн тогтолцоо энэ үед уналтад орно.

Эмнэлгийн ор, эм, ажилтнаас эхлээд бүх зүйл дутагдана. Үүнээс сэргийлэхийн тулд удаан явцтай болгох хэрэгтэй. Өвчний вакцин гараагүй энэ үед нийгмийн сүлжээгээр дамжуулж олон нийтийг хамгаалах арга (social vaccine) хэрэглэх нь зүйтэй юм. Энэ нь өөрөө халдвар авахгүй байх, бусдад халдвар тараахгүй бай гэсэн энгийн хоёрхон зарчимтай. Мөн халдвараас сэргийлэх энгийн хирнээ маш ашигтай шийдэл нь гар угаах болоод байна. Саван нь вирусийн бүрхүүлд оршдог өөх тосон бүрхүүлийг хайлуулснаар халдварлах боломжгүй болгодогтой холбоотой. Ингээд хөөсрүүлээд гулгамтгай болсон үед нь сайтар үрээд усаар зайлбал таны гар халдвартай байсан ч та халдаахгүй болгож чадах юм. Дараагийн чухал аргыг манай төрийн дээд албан тушаалтнууд ашиглаж эхлээд байгаа. Энэ нь хэн нэгэнтэй тэврэлдэхгүй, гар барихгүй, үнэсэхгүй мэндчилэх аргууд юм. Эцэст нь хэлэхэд энэ цар тахлыг хэрхэн даван туулах нь таны гарт байгаа юм шүү.

Эх сурвалж: Kurzgesagt сувгийн бичлэгээс сэдэвлэв.

САНАЛ БОЛГОХ