Антиоксидант

UB Info

Витамины талаар бичвэр үргэлжлэн хүрч байна. Энэ удаа Е витамин хэрхэн бидний эсэд нөлөөлдөг болохыг тайлбарлая.

Витамин Е химийн нэршил нь Токоферол гэдэг. Дөрвөн бүтцийн изомертой (томьёо нь ижил, молекулын бүтцээр өөр нэгдэл) байдаг ч хүний биед гол нөлөө үзүүлэгч нь альфа-токоферол юм.

Тос хурших гэж сонсож л байсан байх. Тэгвэл энэ нь агаарын хүчилтөрөгчийн оролцоотой тос исэлдэж хүний биед хортой, исэлдүүлэгч болж хувирах үзэгдэл байдаг. Үүнтэй ижил зүйл бидний биед явагддаг байна.

Хүний хэвийн бодисын солилцооны үед чөлөөт радикал хэмээх гадаад давхраандаа хослоогүй электрон агуулсан хүчилтөрөгчийн радикалууд үүсэж хэд хэдэн төрлийн эсгэгийн оролцоотой задарч аюулгүй болдог байна. Чөлөөт радикалууд тогтворгүй бөгөөд аяндаа исэлдэх чадвартай тул эсийн уураг, өөх тос, ДНХ зэрэгт нөлөөлж мутаци, хавдар болон хорт нөлөөг үзүүлдэг. Харин эсгэгүүд дутагдалтай байх, их хэмжээний чөлөөт радикал байх нь эсийн гадна бүрхүүл болох өөх тостой радикал халалцах урвалд орж тосны радикал үүсгэнэ. Токоферолын бүтцэд байх бензолын цагирагтай холбогдсон гидроксил (-ОН) бүлэг нь энгийн нэгдлүүдийн гидроксил бүлгүүдтэй харьцуулбал сул холбогдсон байдаг тул устөрөгчийн атом нь хялбар салж радикалуудыг нэгдүүлэх чанартай юм. Витамин Е болон витамин С гэх мэт антиоксидантууд энэ тосны радикалтай нэгдээд идэвхгүй болгочихдог гэсэн үг. Өөх тосны радикал хэвээр байсаар байвал тухайн эс удалгүй задарч устах нөхцөл бүрдэнэ.

Үүнийг хүчиллэг орчинтой андуурч болохгүй. Учир нь хүний ходоод хүчиллэг, цус маш сул шүлтлэг орчинтой байдаг. Шүлтлэг ус нь зөвхөн катионуудыг агуулдаг, тэр нь ходоодонд ходоодны хүчилтэй нэгдэж давс болно. Тэгэхээр шүлтлэг ус биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг хадгална, антиоксидант үйлчилгээтэй гэсэн ойлголтууд буруу болохыг сануулъя. Шүлтлэг ус бол хүний биед эерэг нөлөө үзүүлээгүй, хэт их шүлтлэг усны хэрэглээ нь сөрөг үр дагавартай гэсэн олон судалгааны үр дүн байдаг юм байна.

Эх сурвалж: www.forbes.comen.wikipedia.org

САНАЛ БОЛГОХ