1.1 сая ам.долларын үнэтэй “LaFerrari” худалдаанд гарахаасаа өмнө зарагдаж дуусчээ

Мэдээ

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компани 1.1 сая ам.долларын үнэтэй “LaFerrari” нэртэй спорт загвар гаргахаар болжээ. Задгай дээвэртэй, шинэ загварын “Ferrari” нь 963 морины хүчтэй бөгөөд мягмар гарагт худалдаанд гарах талаар нийтэд албан ёсоор зарлагдахаас өмнө бүгд зарагдаж дууссан байна. Энэхүү загварыг худалдаанд гаргаснаар “Ferrari” 500 сая еврогийн орлого олохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тус компанийн хувьцаа унаад байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус компани нэгж хувьцаагаа 52 ам.доллараар үнэлж, IPO гаргаж байсан ч одоогоор хувьцаа нь Нью-Йоркт 40 орчим ам.доллараар зарагдаж байгаа юм. Тиймээс “Ferrari” компанийн борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс Гүйцэтгэх захирал Сергей Маркионне илүү тансаг зэрэглэлийн шилдэг автомашин үйлдвэрлэлдээ түлхүү анхаарч байгаа аж. Үүнээс гадна мягмар гарагт тансаг автомашин үйлдвэрлэгч Их Британийн “Aston Martin” компани “Ferrari”-тай өрсөлдөхүйц автомашин үйлдвэрлэхээр "Red Bull"-ийн уралдааны багтай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Тэрхүү мэдэгдэлдээ “Aston Martin” энэхүү загвар дэлхийн хамгийн хурдан автомашин байх болно гэж онцолжээ. Харин хэзээ худалдаалагдах, ямар үнээр борлуулагдах, хэдэн морины хүчтэй байх талаарх мэдээлэл өгөөгүй байна.


САНАЛ БОЛГОХ