“Microsoft” $19.75 тэрбумын бонд арилжаалж байна
“Microsoft” корпораци “LinkedIn” компанийг худалдан авах хэлцлээ санхүүжүүлэхийн тулд 19.75 тэрбум ам.долларын бонд арилжаалж байна. Энэ нь энэ онд АНУ-ын компаниудын гаргасан бондуудаас хэмжээгээрээ гуравдугаарт бичигдэхээр байгаа юм. AAA зээлжих зэрэглэлтэй АНУ-ын хоёр компанийн нэг болох “Microsoft” зургадугаар сард “LinkedIn” компанийг 26.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар төлөвлөж байгаагаа зарласан. Үүний дараа шинжээчид тус компанийг 23 тэрбум ам.долларын бонд гаргана гэсэн таамаг дэвшүүлээд байсан юм.
Харин “Microsoft” компанийн зүгээс бондоос орж ирэх санхүүжилтээ “LinkedIn”-ийг худалдан авах, хувьцаагаа буцаан худалдан авах, эргэлтийн хөрөнгө бий болгох болон өрийн нөхөн төлбөр зэрэгт ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “S&P” байгууллагаас “Microsoft”-ийн бондод AAA үнэлгээ өгөөд байгаа бол “Moody’s” агентлаг ч мөн адил өндөр үнэлгээг өгчээ. Харин “CreditSights” судалгааны байгууллагаас үнэт цаас худалдан авахыг хөрөнгө оруулагчдад зөвлөсөн бол тус компанийн бондын үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс давуулан үнэлсэн аж. 40 жилийн хугацаатай энэхүү бондын өгөөж нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжөөс 1.8 хувиар өндөр байна гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй