“Samsung Electronics”-ийн хувьцаа нэг өдрийн дотор 4.7 хувиар өсөв

Мэдээ

“Samsung Electronics” компанийн хувьцааны ханш түүхэн дээд хэмжээнд хүрлээ. БНСУ-ын Хөрөнгийн биржид “Samsung”-ийн хувьцаа нэг өдрийн дотор 4.7 хувиар өсч, нэг сая 640 вон буюу 1480 орчим ам.долларт хүрсэн байна. Гол өрсөлдөгч “Apple” шинэ загварын гар утас гаргаж байгаа жил “Samsung”-ийн хувьцаа унадаг ч энэ жил тийм зүйл болсонгүй. Оны эхний хагаст “Samsung”-ийн хувьцаа 30 хувиар өссөн бол “Apple”-ийн хувьцаа дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

“Samsung”-ийн II улирлын ашиг 7 тэрбум ам.долларт хүрч, жилийн дүнгээр 17 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь “Galaxy S7” загварын ухаалаг гар утасны борлуулалт өндөр байсан, компанийн удирдлагууд үйл ажиллагааныхаа зардлыг багасгах арга хэмжээ авсантай холбоотой аж. Мөн энэ сард худалдаанд гарсан “Samsung Galaxy Note 7” зах зээлд сайн үнэлгээтэй байгаа юм. Үүнээс гадна гар утас, компьютерын эд ангийн үнэ өсч байгаа үед “Samsung”-ийн компьютер, гар утасны чип, дэлгэцийн үйлдвэрлэл тун ашигтай байгаа ажээ. Удахгүй автомат жолоодлоготой автомашины үйлдвэрлэлд хөл тавьж, “Fiat Chrysler”-ийн нэгжийг худалдан авах талаар тус компанийн удирдлагууд хэлэлцэж байгаа юм. “Apple” компани шинэ загварын “iPhone 7” гар утас зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй, “Samsung”-ийн хувьцаа цаашид ч өссөөр байна гэж шинжээчид үзэж байна.


САНАЛ БОЛГОХ