Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд бид юу хийж болох вэ?
Хэрэв та бүхэн санаж байгаа бол хэдэн сарын өмнө НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Засгийн газар хоорондын олон улсын мэргэжилтнүүдийн хороо буюу IPCC-ээс уур амьсгалын өөрчлөлтийн талаар тайлан гаргасан билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээг яаралтай авах цаг болсныг уг судалгаа дахин нэг сануулаад авсан. Ийм том асуудлын тухай сонсох бүрд жирийн нэг хувь хүн би юугаа л хийж чадах билээ гэж сүрдэх гээд байдаг. Надад ч ялгаагүй тийм бодол маш их төрдөг. Харин миний үзэх дуртай Youtube суваг болох Vlogbrothers-ийн Хэнк Грийн энэ тухай яг голыг нь олоод хөндсөн санагдсан тул зарим хэсгийг орчуулаад хүргэж байна. Нэлээн урт боловч зав гаргаад уншаарай.
"IPCC-ийн тайланд дурдсаны дагуу бид уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хор хохиролтой үр нөлөөнөөс зайлсхийхийн тулд дэлхийн дулаарлыг 2 градусаас дээшгүй хэмжээнд барих шаардлагатай. Гэтэл бид одоо байгуулсан бүхий л олон улсын гэрээнд заасан үүргүүдээ ягштал биелүүлсэн ч тэр дэлхийн дулаарлыг тэр хэмжээнд хязгаарлаж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл бид маш яаралтай, их хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай болох нь.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хоёр асуултыг хүмүүс надаас хамгийн их асуудаг. Нэгдүгээрт, бидэнд найдвар байгаа гэж үү? Хоёрдугаарт, би юу хийх ёстой вэ?
Эхний асуултын хувьд бол тийм гэж хариулна. Гэхдээ энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг огт мэдрэхгүй гэсэн үг биш ээ. Бид аль хэдийн түүнийг нь мэдрээд эхэлсэн. Харин хоёр дахь асуултын хувьд бол бид их юм хийх шаардлагатай. Мэдээж хувь хүнийхээ хувьд уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх өөрийн нөлөөгөө багасгах арга хэмжээ авах боломжууд бий. Бага мах идэх (хөдөө аж ахуйгаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал болон усны хэрэглээг багасгах ач холбогдолтой), хэзээ ч шатахуунаар ажилладаг машин авч унахгүй байх, том байшин биш эрчим хүчинд хэмнэлттэй жижиг байшинд амьдрах, ажлынхаа ойролцоо амьдарч машин тэрэгнээс үүдэлтэй хүлэмжийн хийгээ багасгах гэх мэт.
Гэхдээ хүн болгоны хийх ёстой, ХИЙЖ ЧАДАХ зүйл нь юу вэ? гэвэл энэ асуудлыг зохицуулж буй хууль эрх зүйн орчин, зохицуулалтын тухай мэдлэгтэй байх явдал юм. Учир нь нийгэм энэ талаар хангалттай мэдлэггүй бол бид холбогдох зохицуулалтуудаа хэрэгжүүлж чадахгүй. Олон хүн уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгтэй байж бид түүний тухай илүү их ярилцаж, өөрчлөлтийн төлөө тэмцэх боломжтой болдог. Харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлт нь ихээхэн төвөгтэй асуудал болохоор бид тэгж чадахгүй байна.
Одоо харин үндсэн сэдэв рүүгээ оръё. Бид энэ удаад төрийн удирдлагууд хүлэмжийн хийн хэмжээг бууруулахын тулд ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэх боломжтой тухай ярих болно. Уг бодлого, арга хэмжээнүүдийг хоёр үндсэн ангилалд хувааж болно:
- Хүлэмжийн хийнд үнэ тогтоох (carbon pricing)
- Бусад арга хэмжээнүүд
Эхний зохицуулалтын талаар танилцуулъя. Хэрэв хүлэмжийн хийг ялгаруулах нь үнэгүй байгаад байвал хэнд ч энэ үйлдлээ зогсоох шалтгаан байхгүй болно. Гэтэл яг үнэндээ хүлэмжийн хийг ялгаруулах нь ирээдүйд асар их зардлыг бий болгож байдаг. Энэ "үнийг" хүлэмжийн хий ялгаруулж байгаа этгээдүүд биш ирээдүйд дэлхийн дулаарлаас болж гарсаар байх гал түймэр, ган гачиг, өлсгөлөн, байгалийн гамшигт өртөх тэр хүмүүс нь төлнө. Иймд, энэ асар их зардлыг зохих ёсоор нь төлөхгүй байгаатай тэмцэхийн тулд эхний аргыг хэрэглэдэг бөгөөд дотроо гурван төрөлтэй.
Эхнийх нь зүгээр л хүлэмжийн хийнд татвар ногдуулах. Ямар нэгэн хүлэмжийн хийн эх үүсвэр эдийн засагт нэвтрэх үед нь (газрын гүнээс малтаж гаргах, эсвэл хилээр нэвтэрч орж ирэх гэх мэт) түүнд татвар ногдуулна гэсэн үг. "Энэ бүтээгдэхүүнийг хэзээ нэгэн цагт шатааж, хүлэмжийн хий ялгаруулж, түүнийх нь сөрөг нөлөөтэй тэмцэх гэж ирээдүйд 50 доллар зарцуулах болох нь ээ" гэх зэргээр тооцоод татвар ногдуулна. Энэ арга нь бидний өргөн хэрэглэдэг нүүрс, бензин зэрэг шатах түлшний үнийг их хэмжээгээр нэмэгдүүлж, яваандаа сэргээгдэх эрчим хүч болон шинэ технологид оруулах хөрөнгө оруулалтыг дэмждэг. Шууд татвар ногдуулахтай холбоотой гарч ирдэг бас нэг асуудал нь цуглуулсан татвараараа юу хийх вэ гэдэг асуулт юм. Үүнийг нэг бол одоо байгаа дэд бүтэц, нийгмийн чиг хандлагыг өөрчлөхөд зарцуулж болно. Жишээлбэл, цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийг барих, шатах түлш олборлох салбарт ажилладаг байсан хүмүүсийг өөр ажилд дадлагажуулах гэх мэт. Гэвч энэ татвар чинь нэгэнт хүмүүсийн хэрэглээг үнэтэй болгох учраас төрийн байгууллагад итгэж үүнийг өгч байснаас зүгээр л иргэддээ хувааж тараах нь зүйтэй гэж үзэх тал ч байна.
Хүлэмжийн хийг үнэлэх зохицуулалтын хоёр дахь дэд арга хэмжээ нь "Cap and Trade" буюу хүлэмжийн хийг ялгаруулж болох дээд хэмжээг тогтоох арга юм. Энэ дээд хэмжээ гэдэг нь тухайн улс ялгаруулж болох хүлэмжийн хийн нийт хэмжээг илэрхийлэх бөгөөд зөвхөн түүнд багтах хэмжээнд эдийн засгийн зохицуулахын тулд хүлэмжийн хийг ялгаруулах тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл А компани нүүрс олборлодог байлаа гэхэд их нүүрс олборлохын тулд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулах тусгай зөвшөөрөл засгийн газраас авах хэрэгтэй болно гэсэн үг. А компани авсан тусгай зөвшөөрлийнхөө хэмжээнд хүрэхүйц хэмжээгээр хүлэмжийн хий ялгаруулахгүй бол илүү гарсан тусгай зөвшөөрлөө бусдад нээлттэй худалдаж болно. Яваандаа засгийн газраас хүлэмжийн хийн дээд хэмжээгээ бууруулах тусам зарагдаж буй тусгай зөвшөөрөл ховордож, үнэд орно. Эцэстээ хүлэмжийн хий ялгаруулахгүй байх нь тусгай зөвшөөрөл худалдаж авахаас дээр сонголт болно гэсэн үг. Энэ аргыг бид 1980-аад онд нүүрсний үйлдвэрүүдийн ялгаруулах хүхрийн хүчлийн хэмжээг бууруулахад маш үр дүнтэй хэрэгжүүлсэн.
Дээр тодорхойлсон хоёр арга хоёулаа хүлэмжийн хий ялгаруулах явдлыг "үнэтэй" болгож байгааг анзаарсан байх. Үүний улмаас энгийн хүмүүсийн хэрэглээний зардал бас өсөх үр дагавар яах аргагүй бий болно. Тийм болохоор хүлэмжийн хийнд татвар ногдуулж үнэд оруулахын оронд хүлэмжийн хийг тодорхой түвшинд бууруулж чадсан этгээдүүдэд урамшуулал өгөх бас өөр арга байдаг. Үүнийг "Carbon coin" гэж нэрлэдэг. Хүлэмжийн хий ялгаруулахаас зайлсхийсэн, эсхүл хүлэмжийн хийг агаар мандлаас амжилттайгаар хураан авсан гэдгээ нотолсон этгээдүүдэд тэр хэмжээгээр нь урамшуулал олгоно.
Одоо харин хүлэмжийн хийг бууруулах хоёр дахь арга буюу "бусад арга хэмжээнүүд" гэсэн том тогоо руугаа орцгооё. Энэ нь дотроо мөн гурван дэд хэсэгтэй. Эхнийх нь тодорхой салбар тус бүрт стандарт тогтоож хэрэгжүүлэх. Нүүрсний цахилгаан станцуудыг хааж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болгох, бензинээр ажилладаг машинуудыг хориглох гэх мэт идэвхтэй зохицуулалт хийнэ. "Хүлэмжийн хий ялгаруулбал үнэтэй болно шүү" гэж хэлэхийн оронд "2050 он гэхэд чи огтхон ч хүлэмжийн хий ялгаруулж болохгүй" гээд шууд зохицуулна гэсэн үг. Хоёр дахь дэд арга хэмжээ нь хөрөнгө оруулалт буюу хүлэмжийн хийн хэмжээг бууруулахад чиглэсэн шинэ бүтээл, инновац, салбарт хөрөнгө оруулалт хийх арга юм. Үүний хүрээнд цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн систем бий болгох, хүмүүсийн орон байрыг эрчим хүч алдагдал багатай болгох зэрэг арга хэмжээг авч болно. Гурав дахь буюу хамгийн сүүлчийн дэд зохицуулалт нь "шударга ёсыг хангах" буюу хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээний сөрөг нөлөөнд өртөгдөж буй хүмүүсийг хамгаалах зохицуулалт болно. Нүүрсний цахилгаан станц, агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст тусламж үзүүлэх, хүлэмжийн хийг багасгах арга хэмжээний улмаас ажилгүй болсон хүмүүст ажлын байр олоход туслах гэх мэт.
Эцэст нь хэлэхэд дээр дурдсан арга хэмжээнүүдээс зөвхөн нэгийг нь л хэрэгжүүлж болно гэсэн үг огт биш шүү. Хүлэмжийн хийнд татвар тогтоож, түүнтэй зэрэгцүүлээд cap and trade хийж, хөрөнгө оруулалт хийж болно. Би алийг нь дэмждэг вэ гэж үү? БҮГДИЙГ НЬ! Бид хийж болох бүх л зүйлийг хиймээр байна. Гэхдээ энэ бүх зохицуулалтууд ямар зарчмаар ажилладгийг ойлгож авах нь чухал тул би энэ бичлэгийг хийсэн юм. Гэвч энэ нь зөвхөн хамгийн энгийн асуудлуудыг хөндсөн мэдээлэл тул цаашид илүү гүнзгий судлаарай." гэж Хэнк маань ярьсан байна.
Одоо харин бага зэрэг хувийн үзэл бодол руугаа далийж орох нь. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий, агаарын бохирдол зэрэг сэдвүүдийн тухай олон мэдээ мэдээлэл, судалгаатай танилцсаны дараа л Хэнкийн яриад байгаа энэ сэдэв ямар чухал болохыг ойлгосон юм. Тухайн улс орон ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ гэдэг нь маш чухал. Хэчнээн би гэрлээ унтрааж, ажил руугаа алхаж, даавуун тор үүрч, мах идэхгүй веган боллоо гээд миний авч ирэх өөрчлөлт хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулж буй салбаруудтай харьцуулбал хумхын тоос ч болохгүй. Тийм болохоор асуудал үүсгээд байгаа том салбарууд дээр арга хэмжээ авах зөв улс төрийн бодлого маш чухал. Та нар маань сонгууль өгөхдөө тухайн нэр дэвшигч уур амьсгалын өөрчлөлтийн тухай ямар үзэл баримтлалтай байгаа, ямар ойлголттой байгааг нь заавал судлаарай. Нэг тэрбум мод хэчнээн тарьсан ч нөхөн сэргээлт муу хийдэг уул уурхайн салбараа өөрчлөхгүй, хуучин нүүрсэн цахилгаан станцуудаа шинэчлэхгүй, сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулахгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй биз ээ...
Эх сурвалж: vlogborthers YouTube сувгаас
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй