Би боловсролын тэгш бус байдлыг харах их дургүй
Би боловсролын тэгш бус байдлыг харах их дургүй. Манай Ханх сум Оростой хил залгаа, Монгол улсын хамгийн хойд хэсэгт байдаг юм. Монголын Швейцар гэж хүмүүс ярьдаг даа.
Сургуулийн маань зарим ангид сүлжээ их муу ордог. Хааяа Оросоос тог тасраад 4,5 хоног сумаараа тоггүй байх үе байна. Ямар ч тог цахилгаангүй үед хүмүүс өмнө нь яаж амьдардаг байсан билээ яг тэр амьдрал руу очно. Лаагаа асаагаад л. Тэгсэн чинь аймар азтай, Мобикомын ах эгч нар нэг төслийн хүрээнд манай сургуулийг сонгоод нэг кабинетыг маань бүрэн тохижуулаад өгчихсөн. Ийм алслагдмал газар ийм техник технологи сайтай ангид хичээлд сууж үзнэ гэж би хэзээ ч төсөөлөөгүй байсан. Ухаалаг самбартай, VR нүдний шилнүүдтэй, компьютеруудтай, хамгийн гол нь өндөр хурдны интернэттэй. Хими биологийн хичээлийн туршилтуудаа шууд ухаалаг самбар дээрээ хийчихдэг болохоор сонирхолтой. Тэр анги руу орохоор л нэг ид шидийн өргөөнд орж ирж байгаа юм шиг санагддаг юм. Ийм гоё танхим бэлдээд өгчихсөн болохоор бид нар чадахаараа өөриймсөг ханддаг.
Доод ангийн дүү нар маань шалыг нь угаахдаа бүр хүний нүүр харагдтал угаадаг гээд л бод. Манай сургалтын менежер тэр кабинетаас бид нарыг гарч ирэхийг хараад "За хот орчхоод ирэв үү?" гэж тоглоом хийж бид нарыг аймар инээлгэж билээ. Манай найз нэг өдөр "Энхчимэгээ, Энхчимэгээ, маая бродо" гээд л сандраад ороод ирсэн. Яасан гэсэн засгийн газрын тэтгэлэг зарлагдаад манай найз хоёрдугаар шатандаа тэнцчихэж тэгээд дараагийн шатандаа материалаа явуулах гэсэн сүлжээ их муу, компьютероо гэртээ орхисон байж таардаг юм. Тэгэхээр нь бид хоёр нөгөө Мобикомын кабинет руу гүйж ороод материалуудыг нь гялс бүрдүүлээд явуулж билээ. Одоо манай найз тэтгэлгээ авчихсан Москвад суралцаж байгаа. Энэ анги байгаагүй бол найз минь тэтгэлэг авах өргөдлөө илгээж чадах байсан болов уу гэж боддог. Тэгээд их баярладаг юм.
Ер нь хүүхдүүд бидэнд сурч боловсрох боломжийг маань ингээд бүрэн хангаад өгчихвөл Монгол улсаа бүгдээрээ хамтдаа хөгжүүлээд ирээдүй улам гэрэлтэй болно шүү дээ. Ганцхан кабинет тохижуулаад өгөхөд л Ханхын хүүхдүүд бид нар хотын хүүхдүүдтэй ижил түвшинд хамтдаа алхаж байгаа юм шиг л санагдаж байна.
Гэрэл зургийг Б.Инжинааш
Эх сурвалж: ChoironGoo
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй