"Торгоны зам сан" Казакстан дахь алтны уурхайг худалдан авна
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний санаачилсан "Торгоны зам сан" нь Казакстан дахь “Glencore”-ийн алтны уурхайг худалдан авах санал өгөхөөр хэлэлцэж байгаа гэж ойрын эх сурвалжаас мэдээлсэн байна. "Торгоны зам сан" нь БНХАУ-ын Алтны групптэй хамтран “Glencore”-ийн хамгийн том алтны уурхай болох “Васильковское”-ийг хоёр тэрбум ам.доллараар худалдан авч магадгүй байна. 2016 онд БНХАУ нийт 9.6 тэрбум ам.доллартай тэнцэх уул уурхайн компаниуд худалдан авсан нь 2015 оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар өссөн дүнтэй байгаа юм. БНХАУ-ын уурхайн компани сонирхох болсон нь он гарсаар таваарын үнэ сэргэж байгаатай холбоотой аж. Цаашид ч алтны эрэлт их байх төлөвтэй байна. Учир нь тус улсын алтны компаниуд дотоодын хэрэгцээгээ хангаж хүрэхгүй, алтны нөөцөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна гэж шинжээчид үзжээ. Мөн Их Британийн асуудалтай холбоотойгоор санхүүгийн зах зээл их савалгаатай байгаа энэ үед алт нь аюулгүй хөрөнгө оруулалтын нэгт тооцогдоод байгаа юм. Тиймээс алтны ханш сүүлийн сард огцом өссөн байна. Одоогийн байдлаар Хонгконгийн Хөрөнгийн биржид алтны ханш нэг унц нь 1360 орчим ам.доллараар арилжаалагдаж байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй