Японы инфляци -0.5 хувь гарчээ

Мэдээ

Япон улсын Төв банкны мөнгөний бодлогын талаар хэлэлцэх уулзалт тус улсын хувьд энэ оны хамгийн чухал, анхаарал татсан үйл явдлын нэг болох төлөвтэй байна. Япон улсын Статистикийн газрын мэдээлснээр инфляцийн түвшин зургадугаар сард жилийн дүнгээр 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан нь шинжээчдийн тооцоолж байснаас таагүй үзүүлэлт болов. Мөн жижиглэн худалдаа зургадугаар сард жилийн дүнгээр 1.4 хувь, үйлдвэрлэлийн гарц 1.9 хувь, өрхийн хэрэглээ 2.2 хувиар буурчээ. Зургадугаар сарын үзүүлэлт таагүй гарсан нь Япон улсын Төв банкны удирдлагууд иенийн нийлүүлэлтийг нэмэх арга хэмжээ авна гэсэн шинжээчдийн таамаг үнэн байх магадлалтайг харуулж байна.

Төв банк зах зээлд иенийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулснаар экспортоо дэмжих боломжтой болох аж. Учир нь энэ жил иенийн ханш чангарч экспортын хэмжээ багасч Япон улсын эдийн засагт тулгараад буй сорилтыг улам хүндрүүлж байгаа юм. Зургадугаар сард экспортын хэмжээ жилийн дүнгээр 7.4 хувиар буурсан аж. Лхагва гарагт Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн зарласан 265 тэрбум ам.долларын багц хөтөлбөр нь тус улсын Засгийн газар эдийн засгаа дэмжих зорилгоор чадах бүхнээ хийж байгаа гэдгийг Төв банкинд харуулах гэсэн үйлдэл гэж шинжээчид тодорхойлжээ. Энэхүү хурлаар шийдвэр ямар ч гарсан Япон улс 2017 он гэхэд инфляцийг хоёр хувьд хүргэнэ гэсэн зорилтдоо хүрэхэд хол байгаа юм.


САНАЛ БОЛГОХ