БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн үнэ 7.2 хувиар өслөө
БНХАУ-ын орон сууцны үнэ зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Хэдий тийм боловч сарын өсөлтийг энэ оны тавдугаар сартай харьцуулбал дөнгөж 0.7 хувиар нэмэгдсэн нь сүүлийн хоёр сард орон сууцны үнийн өсөлт саарсан үзүүлэлт боллоо. Энэ нь БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор зээл нэмж өгсөн нь үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгааг харуулж байгаа юм. Хэдийгээр БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, борлуулалт огцом буурахгүй ч ирэх жилийн байдал таагүй байх төлөвтэй гэж шинжээчид дүгнэжээ. Мөн шинжээчдийн санааг зовоож байгаа бас нэг асуудал бол Шанхай, Шэньжэнь зэрэг томоохон хотуудад өмнөх онтой харьцуулахад үнийн огцом өсөлт ажиглагдсан байна. Тухайлбал зургадугаар сарын байдлаар Шэньжэнь хотод шинэ орон сууцны үнэ 47 хувиар өссөн бол Шанхайд 28 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. БНХАУ-ын томоохон хотуудад эрэлт нэмэгдэж, үнэ өсч байгаа ч бусад хотуудад орон сууцны илүүдэл үүсч тогтворгүй байдал бий болоод байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй