Жанет Йеллен: Бодлогын хүүг өсгөх боломж нэмэгдсэн

Мэдээ

АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен баасан гарагт хийсэн уулзалтынхаа үеэр “АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал Холбооны Нөөцийн банкны зорилтод түвшинд хүрч, сайжирч байгаа тул бодлогын хүү өсөх боломж сүүлийн хэдэн сард нэмэгдсэн” гэж мэдэгдлээ. “Ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайн гарсан. Цаашид эдийн засаг, инфляцийн хувь сайжрах төлөвтэй байна” гэж онцолсон байна. Харин Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ хэзээ нэмэх нь түүний мэдэгдлээр тодорхой болно гэсэн хүлээлт зах зээлд байсан ч яг хэдийд бодлогын хүүг нэмэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 2008 оны хямралын үеэс хойш бараг 0 утгад хүргээд байсан бөгөөд өнгөрсөн 12 дугаар сард анх удаа өсгөж 0.25 хувиас 0.5 хувь болгож байсан юм. Үүнээс гадна Холбооны Нөөцийн банкны дэд тэргүүн Стэнли Фишер “Ирэх есдүгээр сард бодлогын хүү нэмэгдэх магадлалтай” гэж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр есдүгээр сарын хоёронд гарах АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн дараагийн үзүүлэлтийг Нөөцийн банк шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ гэж мэдэгджээ. Харин Атланта дахь Нөөцийн банкны тэргүүн Деннис Локхарт “Ямар ч байсан энэ жилдээ бодлогын хүү нэг удаа нэмэгдэх нь ойлгомжтой. Хэрэв эдийн засгийн байдал сайжирсаар байвал хоёр ч удаа нэмэгдэх боломжтой” гэж мэдэгдсэн байна. “Гэхдээ Холбооны Нөөцийн банкны удирдлагууд яаралгүй, хянуур шийдвэр гаргах хэрэгтэй” гэдгийг онцолжээ. Тэрбээр “Миний бодлоор бодлогын хүүг хоёр удаа өсгөх боломж байна. Энэ жил Нөөцийн банк дахин гурван удаа хуралдана. Эдийн засгийн байдал цаашид энэ хэвээр сайжирсаар байвал хүү өсөх бүрэн боломжтой. Энэ жилдээ хамгийн багадаа нэг удаа нэмэгдэх нь бол гарцаагүй. Гэхдээ эдийн засгийн байдал тун чухал. Холбооны Нөөцийн банкны удирдлагууд хянуур, хүлээцтэй байлаа гээд алдах юм байхгүй. Тиймээс нь яарах шаардлагагүй гэж бодож байна” хэмээн онцолжээ.



САНАЛ БОЛГОХ