ОУВС буурай орнуудад 2018 он дуустал хүүгүй зээл үргэлжлүүлэн олгоно
Олон Улсын Валютын Сан болон Дэлхийн банкны 2016 оны уулзалтыг энэ сарын 7-9-нд зохион байгуулна. Уулзалтын хүрээнд эдийн засгийн төлөв байдал болон дэлхий нийтэд тулгамдаж байгаа сорилтуудын талаарх хэлэлцүүлэг Вашингтонд даваа гарагаас эхэллээ. Эхний хэлэлцүүлэг ядуурлыг бууруулах Дэлхийн банкны зорилтын талаар өрнөсөн байна. Нэн ядуу иргэдийн тоо багасч байгаа ч баян, ядуугийн ялгаа сүүлийн үед огцом нэмэгдэж байгаа нь ядуурлын түвшнийг зорилтот гурван хувьд хүргэхэд хүндрэл учруулж байна гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким онцолжээ. Мөн ОУВС ядуурлыг бууруулах ажлын хүрээнд 2018 оныг дуустал ядуу, буурай орнуудад хүүгүй зээл үргэлжлүүлэн олгохоо мэдэгдлээ.
Гэхдээ Төв банкуудын бодлогын хүү бага хэвээр байх тохиолдолд зээл олгох ажээ. Мөн ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард "Хүүгүй зээл үргэлжлүүлэн олгох нь зах зээлийн эрсдэлийг даван гарахад тус болно" хэмээн онцолжээ. Түүнчлэн салбар хуралдааны хүрээнд макро эдийн засгийн байдал, дэлхийн санхүүгийн зах зээл зэрэг уламжлалт сэдвээс гадна дүрвэгсдийн хямрал болон дэд бүтцийн уялдаа холбооны талаар хөндөх төлөвтэй байна. Мөн орлогын ялгаатай байдлыг бууруулж, эдийн засгийн хөгжлийг олон нийтэд хэрхэн хүртээмжтэй болгох талаар хэлэлцэнэ. Харин "Иргэний нийгмийн форум"-ын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих талаар ярилцах юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй