Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж байна

Мэдээ

Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монгол Улсад албан айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Сингапурын Батлан хамгаалах болон гадаад харилцааны ахлах сайд тэргүүтэй албаныхан багтжээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур улстай анх 1970 онд дипломат харилцаа тогтоосон байна. Түүнээс хойш дипломат харилцаатай байж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд бизнесийн харилцаа өргөжин тэлээд байгаа юм. Бүгд Найрамдах Сингапур улсын хувьд дэлхийн худалдааны хамгийн том зангилаа төдийгүй бүс нутгийн банк, санхүүгийн томоохон төвд тооцогддог, эдийн засаг нь ч үүнд дээр суурилсан бүтэцтэй. Санхүүгийн болон валют арилжааны гурав дахь том төвд тооцогддог. Хоёр улсын харилцааг харвал тус улсын хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн жишээнүүдийг дурдаж болохоор байна. Тухайлбал Сингапурын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Nobel Group” гэхэд “Aspire Mining”, “Xanadu Mines” болон “Terracom” зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Tian Poh Resources” зэрэг компаниуд Сингапурын Хөрөнгийн биржид бүртгүүлэх сонирхолтой болохоо илэрхийлдэг. Үүнээс гадна Баялгийн сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг “Temasek” компанийн загварыг “Эрдэнэс Монгол” компанид хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ