В.Путин Эгийн голын УЦС-ын асуудлаар байр сууриа илэрхийллээ
Эгийн голын Усан цахилгаан станц зэрэг Сэлэнгэ мөрний сав газар дахь Усан цахилгаан станцын төслүүдийн асуудлаарх ОХУ-ын байр суурийг тус улсын Төрийн тэргүүн Владимир Путин Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтын үеэр илэрхийллээ. Тэрбээр "Эдгээр төслүүд нь Байгаль нуурын экологид нөлөөлөх эрсдэлтэй учир энэхүү асуудлыг маш нухацтай судлах"-ыг хүссэн юм. Владимир Путин “Монгол Улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгож байна. Энэ талаар бодолцож, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг олон төрлийн аргаар, юуны өмнө, бүс нутгийн эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Жишээлбэл ОХУ-ын цахилгаан станцуудаас Монгол Улсын хойд бүс нутагт нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой” хэмээн мэдэгдсэн байна. Монгол Улс-ОХУ-ын салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн сард энэ асуудлаар уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтын үеэр ОХУ-ын тал Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нь Монголын дотоод асуудал гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж төслийн нэгж мэдээлж байв. Эгийн голын Усан цахилгаан станцын төсөлд 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэхүү хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн юм. Тиймээс ОХУ-ын Төрийн тэргүүн энэ асуудлаар зөвхөн Монгол Улс төдийгүй БНХАУ-ын талыг нухацтай бодож үзэхийг хүссэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй