Б.Чойжилсүрэн: Төсвийн алдагдал оны эцэст 5.1 их наяд төгрөгт хүрэхээр байна
Хоёр их наяд орчим төгрөгт хүрээд байгаа төсвийн алдагдал энэ оны эцэс гэхэд 5.1 их наяд төгрөгт хүрэх тооцоо гарсан талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Сангийн сайдын өгсөн мэдээллээс орлогын байдлыг харахад оны эцэс гэхэд улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл 5.2 их наяд төгрөг байхаар тооцоо гарсан байна. Энэ нь батлагдсан хувилбараас 1.8 их наяд төгрөгөөр дутсан үзүүлэлт болох юм. Зарлагын хувьд 7.95 их наяд төгрөг байхаар баталсан байдаг.
Харин 2016 онд өнөөгийн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл оны эцэс гэхэд 10.3 их наяд төгрөгт хүрэх магадлалтай байгааг Сангийн сайд мэдээллээ. Мөн ирэх онуудад төсвийн гүйцэтгэл олон их наяд төгрөгийн алдагдалтай байх тооцоог танилцуулав. Тухайлбал 2019 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд 25.6 их наяд төгрөгийн алдагдал үүсэхээр байгаа аж. Оны эхний долоон сарын гүйцэтгэлийг харвал төсвийн алдагдал бараг хоёр их наяд төгрөгтэй гараад байгаа нь Парламент болон Засгийн газрын эн тэргүүнд хийх ёстой ажил төсвийн тодотгол болоод байна. Энэ талаар УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах талаар мэдээлсэн юм.
Хурлаар төсвийн тодотголын төслийг өргөн барьж, хэлэлцэх хүлээлт үүсээд байгаа юм. Ирэх онд олон улсад гаргасан томоохон бондуудын төлбөрүүд хүлээгдэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцээд Засгийн газрын өрийн үлдэгдэл 78 хувьд хүрч, өсч байгаа талаар Сангийн сайд мэдээлэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувиас хэтрэхгүй байх ёстой байдаг. Энэ хүрээнд 2016 онд Засгийн газрын өрийн хэмжээ 17.3 их наяд төгрөг буюу заагдсан хязгаарт байхаар батлагдсан боловч өнөөгийн байдлаар оны эцэс гэхэд гүйцэтгэл 21.3 орчим их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувьтай тэнцэхээр байгаа юм байна. Ирэх оны хувьд бондын үндсэн төлбөр эхлэх хүлээлттэй байгаа ба 2016-2019 он хүртэл нийт зургаа орчим их наяд төгрөгийн зээлийн хүүг төлөх тооцоотой байгааг Сангийн сайд онцоллоо.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй