“Yum! Brands”-ийн нэгж хувьцаанд ​ногдох цэвэр ашиг 75 цент болж өсөв

Мэдээ

Дэлхийд алдартай “KFC” түргэн хоолны сүлжээ зоогийн газрыг эзэмшдэг “Yum! Brands” компанийн II улирлын ашгийн гүйцэтгэл шинжээчдийн урьдчилсан таамгаас давсан дүнтэй гарчээ. Тус компанийн мэдээлснээр БНХАУ дахь “KFC”-ийн ашиг, орлогын гүйцэтгэл төсөөлж байснаас өндөр гарсан нь компанийн ашигт ихээхэн нөлөөлсөн байна. Тодруулбал “Yum! Brands” компанийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 75 цент болж өсчээ. Үүнээс өмнө шинжээчид II улиралд нэгж хувьцаанд ногдох компанийн цэвэр ашиг 74 цент байна гэж тооцоолсон байна. “Yum! Brands” компани БНХАУ-ыг орлогоо нэмэгдүүлэх гол эх сурвалж гэж үзэн тус улс дахь үйл ажиллагаанд түлхүү анхаарах болжээ. Мөн Ази дахь “KFC” сүлжээ зоогийн газрын борлуулалт тогтмол өсөлттэй байгааг “Yum! Brands” компанийн Гүйцэтгэх захирал Грег Крийд онцолсон байна. Тус компанийн ашгийн тайлангийн дараа хувьцааны ханш нь 4.7 хувиар өсч, 89.80 ам.долларт хүрчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар дээрх компанийн хувьцааны ханш 17 хувийн өсөлттэй байсан бол "S&P's 500" индексээс олсон ашгийн хэмжээ 5.3 хувийг даваад байгаа юм. “KFC”-ээс гадна “Taco Bell” болон “Pizza Hut” зэрэг дэлхийд алдартай олон сүлжээ зоогийн газрыг эзэмшдэг энэхүү компанийн үйл ажиллагааны ашиг энэ онд 12 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байсан ч тайлангийн дараа хүлээлт нь 14 хувь болж өөрчлөгджээ.


САНАЛ БОЛГОХ