“Emart”-ийн 30 салбар Монголд нээгдэнэ
Монголын зах зээлийг олон улсын жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүд сонирхож байна. БНСУ-ын жижиглэн худалдааны сүлжээ “Emart”-ийн анхны салбарыг Улаанбаатар хотод долдугаар сарын 28-ны өдөр нээхээр төлөвлөсөн юм. Цаашид салбарын тоог нэмэгдүүлнэ гэж “Emart” компанийн Гүйцэтгэх захирал Ли Габ Су мэдэгдсэн байна. Монгол дахь “Скай хайпермаркет” компани “Emart”-ийн франчейзингийг Монголд хийж байгаа аж. "Имарт Чингис" гэж нэрлэгдсэн Монгол дахь анхны салбар нь 43 мянган метр квадрат талбайд 80 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөжээ. Цаашид Улаанбаатар хот болон томоохон аймгийн төвүүдэд нийт 30 салбар нээхээр тооцоолж байгаа аж.
Үүнээс гадна энэхүү супермаркетын сүлжээгээр дамжин Монголын компаниуд БНСУ-ын зах зээлд нэвтрэх бололцоо бүрдэнэ гэж “Скай хайпермаркет”-аас мэдээлсэн юм. Түүнчлэн “Макс” групп Нидерландын “Spar International” компанитай хамтран “SPAR” жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн салбарыг 2017 онд Монголд нээхээр болсон байна. Цаашлаад 2020 он гэхэд 60 хүртэлх тооны салбарыг Монголд байгуулахаар төлөвлөжээ. “SPAR” нь жилд 33 тэрбум еврогийн борлуулалт хийдэг, 12 мянга 100 гаруй сүлжээ дэлгүүр бүхий томоохон худалдааны сүлжээ юм. ASEM-ийн дээд түвшний уулзалтад Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте орлоцохоор ирэх үеэрээ холбогдох санамж бичигт гарын үсэг зуржээ.
Гадаадын томоохон хэмжээний сүлжээ дэлгүүрүүд Монголд нээгдэх гэж байгаатай холбоотойгоор дотоодын сүлжээ дэлгүүрүүд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний компаниудаа хамгаалах бодлого шаардлагатай гэж салбарынхан онцолж байсан. Дотоодын компаниуд мөн хилийн чанадыг сонирхож байгаа юм. Тухайлбал “Номин Холдинг” компани АНУ-ын Лос Анжелес хотод шинэ салбараа нээсэн байна. Тус компанийн хувьд Улаанбаатар хотод гурван их дэлгүүр, долоон супермаркет, найман хайпермаркет, 10 бөөний худалдааны төв, Дархан Эрдэнэт зэрэг долоон аймагт салбартай юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй