Агаарын бохирдлыг бууруулахын тулд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд
Агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотод богино хугацааны хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд байна. Тухайлбал, 2011-2013 онд Мянганы сорилтын сангаас “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төслийн санхүүжилтээр Салхит салхин цахилгаан станцыг төвийн эрчим хүчний системтэй холбох, Налайх дэд станцыг Диспетчерийн үндэсний төвтэй холбох удирдлагын шилэн кабелийг татаж, том оврын 15 зуухыг өмнөхөөсөө 90 хувиар бага бохирдол ялгаруулдаг зуухаар шинэчилжээ. Мөн 100 гаруй мянган сайжруулсан зуухыг 93 хувийн татаастай үнээр гэр хорооллын айл өрхөд олгосон байна. Харин Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн “Цэвэр агаар” төслийн үргэлжлэл болгож Дэлхийн банкнаас "Улаанбаатар хотын цэвэр агаар" төслийг 2012 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд нэмж 45 мянга орчим айлыг сайжруулсан зуухаар хангажээ. Дээрх хоёр төслийн дүнд нийт 140 мянга гаруй зуухыг иргэдэд тараасан талаар “Цэвэр агаар сан” өмнө нь мэдээлж байв.
Түүнчлэн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй 15 сая ам.долларын "Улаанбаатар хотын цэвэр агаар" төслийн хүрээнд утаагүй зуухнаас гадна Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах зэрэг судалгааны ажлуудыг хийхэд анхаарч байгаа юм. Төслийн хэрэгжилтийн хугацаа 2017 оны зургадугаар сард дуусна.
Үүнээс гадна Японы Олон улсын байгууллага “Жайка”- ийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд агаарын чанарын албаны мэргэжилтнүүдийг бэлтгэх, агаарын бохирдлын загварчлалыг боловсруулах зэрэг ажлыг хийж байна. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд тоосонцор хэр буурах вэ гэдгийг урьдчилан тооцоолох боломжийг олгож байгаа юм. “Жайка”- ийн төсөл 2017 он хүртэл үргэлжилнэ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй