Төв аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

Мэдээ

Төв аймгийн Баян, Баянжаргалан суманд 20 гаруй үхэрт малын шүлхий өвчин туссаныг тогтоосон. Үүнтэй холбоотой хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтын 21 цэгт 30-аад албан хаагч ажиллаж байна. Ням гарагийн байдлаар 40 гаруй үхрийг зориудаар устгаж, 31 өрхийн 7500 орчим малыг вакцинжуулалтад хамруулсан талаар ОБЕГ мэдээлсэн. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлснээр одоогоор шүлхий өвчин гарсан голомтод 14 хот айлын 5000 гаруй толгой мал байгаа аж. Харин даваа гарагт Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, цаашид тархалтаас сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн. Нийслэлийн хэмжээнд Багануур, Налайх, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн есөн авто тээврийн товчоонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Мөн шүлхий өвчний тархалт дэгдэх магадлалтай Багахангай дүүрэгт наймдугаар сарын 25-наас вакцинжуулалт хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхэд шаардагдах зардлын хэмжээ хамгийн багадаа 60 орчим сая төгрөг болж байгаа талаар мөн холбогдох албанаас мэдээлсэн. Эргэн сануулахад, 2016 он гарснаас хойш улсын хэмжээнд малын таван төрлийн халдварт өвчин гарсан. Эдгээрээс малын гоц халдварт шүлхий, хонь ямааны цэцэг өвчний тархалт хамгийн их анхаарал татаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас зарласан гоц халдварт өвчин богино хугацаанд их хэмжээний газар нутгийг хамарч олон мал, амьтанд халдварладаг төдийгүй их хэмжээний хохирол учруулдаг юм.



САНАЛ БОЛГОХ