“Rosneft” газрын тосны гарцаа нэмэгдүүлжээ

Мэдээ

ОХУ-ын газрын тос үйлдвэрлэгч “Rosneft” компанийн газрын тосны гарц II улиралд 0.5 хувиар өслөө. I улиралд 0.1 хувиар буураад байсан газрын тос болон шингэн түлшний гарц ийнхүү өсөлттэй гарсан байна. 2014 онд газрын тосны ханш унаж эхэлсэнтэй зэрэгцэн ОХУ-ын рублийн ханш суларч эхэлсэн бөгөөд улмаар ам.долларын орлоготой, рублиэр төлбөрөө төлдөг олборлогчдын хувьд энэ нь зардлыг бууруулсан ч үнэ цэнийн хувьд томоохон уналт болоод байсан юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын дэвшилтэт татварын системийн түвшинг газрын тосны ханштай тэнцүүлж бууруулсан нь сүүлийн 12 жил дэх хамгийн доод үзүүлэлт болсон байна. Харин энэ үед “Rosneft” компани зардлаа өсгөж, үйлдвэрлэлийнх нь томоохон хэсэг болох “Siberian Yugansk”-ийнхаа гарцын бууралтыг зогсооход түлхүү анхаарах болжээ. Түүнчлэн есдүгээр сард “Suzun” талбайн эхний үе шатны олборлолтыг дахин эхлүүлсэн байна. “Rosneft" компани зургадугаар сард "Энэ онд Suzun талбайгаас нийт 1.2 сая тонн газрын тос олборлоно" гэсэн хүлээлттэй байгаа гэж мэдэгдсэн бол "Siberian Yugansk-ийн гарц 2019 он гэхэд 68 сая тоннд хүрч, өдөрт 1.37 сая баррель газрын тос олборлоно" гэж тооцоолжээ. Дээрх таамгийг 62 сая тонн гарцтай байсан 2015 оны дүнтэй харьцуулан гаргасан байна.

“Rosneft” нь газрын тосны ханш унасан энэ үед үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлсэн цорын ганц компани биш бөгөөд Норвеги болон баруун Европын томоохон үйлдвэрлэгчид ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сар бүр гарцын таамгаа өсгөж байжээ. Харин Саудын Араб, Кувайт болон Арабын Нэгдсэн Эмират улсын газрын тосны гарц өнгөрсөн сард дээд цэгтээ хүрсэн бол газрын тос экспортлогч орнуудын нэгдсэн байгууллагын мэдээлснээр тухайн орнуудын нийт гарц сүүлийн найман жилийн хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ