Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болов
Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх төслийг эхлүүлэхийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. 2014 онд тус станцын хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөл 35 сая ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байсан юм. 11 сар үргэлжилсэн уг төслийн хүрээнд Дулааны III цахилгаан станцад дөрвөн барилга байгууламж, долоон төрлийн тоног, төхөөрөмжийг шинээр суурилуулж байжээ. Дулааны III цахилгаан станц цэвэр ашгийн хэмжээгээ оны эхний хагас жилийн дүнгээр ес дахин өсгөж, 4.3 тэрбум төгрөгт хүргэсэн нь салбартаа тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдсоныг Хөрөнгийн биржээс мэдээлж байв.
Мөн зардал нь өнгөрсөн онд станцын орлогынх нь 91 хувьтай тэнцэж байсан байсан бол 2016 он гарсаар энэ хэмжээ 83 хувь болж буурчээ. Өргөтгөлөөс гадна эрчим хүчний үнийг нэмсэн нь цахилгаан станцуудад сайнаар нөлөөлж байгаа юм. Энэ удаагийн хүчин чадал өргөтгөх төсөл нь 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хийгдэнэ. Мөн эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах үүднээс Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг эхлүүлж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй