ASEAN-ийн уулзалтаар ямар асуудлыг голчлон хэлэлцэв
ASEAN-ийн дээд хэмжээний уулзалт Лаосын нийслэл Вьентян хотод болж пүрэв гарагт өндөрлөлөө. Уулзалтын үеэр нийт 57 гэрээ хэлэлцээр хийж, гишүүн орнууд 2025 он хүртэл баримтлах зорилго, зорилтоо тодорхойлсон байна. Энэ хүрээнд 10 жилийн стратегийн төлөвлөлт батлагдсанаас гадна цаашид улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд гишүүн орнууд харилцаагаа улам бэхжүүлж хамтран ажиллахаар санал нэгджээ. Мөн БНХАУ, Япон, БНСУ эдийн засаг болон алан хядах ажиллагааны эсрэг хамтран ажиллахаар боллоо. Дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хааж үг хэлсэн аж. Тэрээр Хойд Солонгосын тал пуужин хөөргөсөн явдалд харамсаж байгаагаа илэрхийлснээс гадна “Цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр”-ийг нэн яаралтай мөрдөх шаардлагатайг онцолжээ.
Учир нь Зүүн Азийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт нь тулгарч буй гол асуудлуудын нэг болсон. Харин Барак Обамагийн хувьд Ерөнхийлөгчийн албан үүргийнхээ хүрээнд ASEAN-ийн уулзалтад хамгийн сүүлийн удаа оролцлоо. Үүнээс гадна БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан уулзалтад оролцож, гишүүн орнуудыг дэлхийн эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд онцлон анхаарч, хамтарч ажиллахыг уриаллаа. Энэ хүрээнд чөлөөт худалдааны бүсийг өргөжүүлэх хэрэгтэйг онцолсон байна. Тус уулзалтад ASEAN-ийн гишүүн орнуудын тэргүүн нараас гадна АНУ, БНСУ-ын Ерөнхийлөгч болон ОХУ, Япон, Энэтхэг, Шинэ Зеландын Ерөнхий сайд мөн НҮБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар оролцлоо. Уулзалтын төгсгөлд 2017 оны дараагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг Филиппин улсад өгсөн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй