Туркууд “Wikipedia”-д нэвтрэх эрхгүй боллоо

Мэдээ

Бямба гарагт Турк улсын Засгийн газар 4000 гаруй Төрийн албан хаагчийг ажлаас нь халсан байна. Мөн тэдний “Wikipedia”-д нэвтрэх эрхийг хязгаарлаж, телевизийн зарим нэвтрүүлгийг хоригложээ. Ингэснээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх улам хязгаарлагдаж байна гэж олон улсын шинжээчид дүгнэжээ. Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгчийн тушаалаар иргэний нийгмийн болон эрүүл мэндийн 45 байгууллагыг хаасан байна. Ийнхүү өнгөрсөн оны Төрийн эргэлтээс хойш хувийн болон Төрийн байгууллагын 140 мянган албан хаагч ажилгүй болж, иргэний нийгмийн 1500 байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байна. Шинжээчид Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоанийн эрх мэдэл нэмэгдсэнээр сөрөг хүчнийхнийг шахан зайлуулах арга хэмжээ зогсоно гэж найдаж байсан ч эсрэгээрээ арга хэмжээгээ эрчимжүүлж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Фетхуллах Гюлентэй холбоотой гэх шалтгаанаар мянга гаруй хүнийг саатуулаад байна.

Түүнчлэн Рэжэп Тайип Эрдоан "Курдуудын эсрэг цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэдгээ мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх сард уулзахаар товлоод байгаа бөгөөд энэ талаар ярилцах хүлээлттэй байна. Рэжэп Тайип Эрдоан “Сири болон Ирак дахь Курдын байгууллагуудад АНУ тусалж байгаа нь маш харамсалтай байна. Ерөнхийлөгч Барак Обамагийн үеэс л эхэлсэн энэ дэмжлэг одоо дуусах цаг нь ирсэн. Эс бөгөөс бүс нутаг дахь асуудал улам хурцдаж, улмаар АНУ-ын тайван байдалд ч нөлөөлөх асуудал үүсэх болно” гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ