Зуслангийн газар өмчлүүлэх ажил үргэлжилж байна
Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн хүсэлтийг land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан хүлээн авч байна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 гаруй мянган иргэний мэдээлэл системд багтсан байгаа гэдгийг албаныхан онцоллоо. Одоогоор Сүхбаатар дүүргийн Ар Хустай, Хандгайт, Шарга морьт зэрэг 18 байршил, Чингэлтэй дүүргийн Зуунмод, Яргайт зэрэг 7 байршилд газар өмчлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэ удаагийн газар өмчлөлөөр ойролцоогоор 18 мянган нэгж талбарыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.
Иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч анхан шатны хариу өгч ажиллах зорилгоор “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглаж байгаа юм. Үүнээс гадна иргэд зуслангийн газар өмчлөлтэй холбоотой шаардлагатай мэдээллээ авсны дараа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад холбогдох материалаа хүргүүлснээр өмчлөлийн ажлаа эхлэх юм байна. Зуслангийн газар өмчлөлийн бүртгэлийг есдүгээр сарын 15 хүртэл хийх ажээ. Хэдий тийм боловч одоогоор зуслангийн газар өмчлөлтэй холбоотой Засаг даргын шинэ захирамж хараахан гараагүй байгаа гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Цаашид Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа үргэлжлүүлэн газрыг нь өмчлүүлэхээр болоод байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй