​Саудын Араб түүхэндээ анх удаа гадаад зах зээлд бонд гаргаж магадгүй

Мэдээ

Саудын Арабын Засгийн газар олон улсын зах зээлд 17.5 тэрбум ам.долларын бонд гаргах магадлалтай байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгч тус улс түүхэндээ анх удаа 5, 10, 30 жилийн хугацаанд эргэн төлөгдөх бонд гаргах төлөвтэй байгаа аж. Гэхдээ одоогоор Саудын Арабын Сангийн Яам албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Газрын тосны ханш буурсны улмаас тус улсын төсвийн орлого буурч эхэлсэн. Харин Засгийн газар нь бонд гаргаснаар дотоодын банкуудын ачаалал буурч, орлогын шинэ эх үүсвэр нээгдэхээс гадна валютын хомсдлын эрсдэл буурна гэж "Gulf Research Center"-ийн шинжээчид үзжээ.

Улсын төсвийн дөрөвний гурвыг нь газрын тосны салбар бүрдүүлдэг Саудын Арабын хувьд өнгөрсөн онд төсвийн алдагдал нь 100 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тиймээс Засгийн газар нь төсвөө танах зорилгоор цалингийн хэмжээг бууруулахаас гадна байгалийн хийн салбарын татварын орчныг өөрчлөх зэрэг арга хэмжээ авч байгаа юм.



САНАЛ БОЛГОХ