Фукушимад болсон газар хөдлөлтийн улмаас цунами үүсэхээр байгааг анхаарууллаа

Мэдээ

Японы Фукушима мужийн далайн эрэгт 7.3 магнитудын газар хөдлөлт болсны дараа цунамигийн анхааруулга гаргалаа. 2011 онд болсон цунамигийн улмаас Фукушима мужид орших атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж, цацраг идэвхт бодис алдагдаж байсан юм. Орон нутгийн цагаар өглөөний 05.59 цагт 10 км-ийн гүнд газар хөдлөлт болсон талаар Японы Цаг уурын агентлагаас мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулж гурван метрийн өндөртэй цунами үүсэж болзошгүй байгааг албаныхан анхааруулсан байна. Тиймээс оршин суугчдыг өндөр газар луу шилжин нүүхийг анхааруулжээ. Одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүй байна. Японы “NHK”-ээс иргэдийг далайн бүсээс яаралтай нүүн шилжихийг сануулж, 18 мянган хүний амийг авч одсон 2011 оны газар хөдлөлт дахин давтагдаж болзошгүйг анхааруулжээ.

Зургаан жилийн өмнө болсон цунамигийн гамшигт өртсөн Фукушима Дайичи атомын цахилгаан станцын ажилчдыг нүүлгэн шилжүүлснийг тус газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүнээс гадна цунамигийн аюул нүүрлэсэн талаарх мэдэгдлийн дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гамшгийн хохирлыг хамгийн доод түвшинд байлгах арга хэмжээ авахыг албаныханд үүрэг болгосон байна. 2011 оноос хойш тус улсад ийм өндөр түвшний гамшгийн аюул зарлаж байгаагүй юм.



САНАЛ БОЛГОХ