НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2017 оныг “Энх тайвны жил” болгохыг уриалав

Мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Антониу Гутерреш үүрэгт ажилдаа орлоо. Түүний бүрэн эрхийн хугацаа ийнхүү албан ёсоор нэгдүгээр сарын нэгнээс эхэлж байна. Антониу Гутерреш олон нийтэд хандаж, шинээр гарч буй 2017 оныг “Энх тайвны жил” болгох уриалга гаргалаа. Антониу Гутерреш “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилд орсон эхний өдөр нэг л асуулт миний сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ эцэс төгсгөлгүй үргэлжлэх зөрчилдөөн, дайны зовлон шаналалд өртсөн олон мянган хүмүүст бид яаж туслах вэ. Дайнаас хэн ч хожихгүй, харин бүгд ялагдана. Үүнээс болж улс орнууд, нийгэм, эдийн засаг сүйрч байна. Дэлхийн хэмжээнд терроризм бидний өмнө нүүрлээд байна. Шинэ оны энэ өдөр би та бүхнээс эн тэргүүнд энх тайвныг эрхэмлэхийг уриалмаар байна.

2017 оныг дэлхийн ард түмэн, засгийн газрууд өөр хоорондын зөрчил маргаанаа арилгасан жил болгоцгооё” хэмээн мэдэгдлээ. Португалийн Ерөнхий сайд асан Антониу Гутерреш НҮБ-ын 71 жилийн түүхэнд ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга болж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн даргаар ажиллаж байсан түүнийг Ерөнхий ассамблей 2016 оны аравдугаар сард энэхүү албан тушаалд томилсон юм.



САНАЛ БОЛГОХ