"Швед улс терроризмд бууж өгөхгүй, нээлттэй, аюулгүй улс байх болно"
Өнгөрсөн баасан гарагт Швед улсын нийслэл Стокгольм хотод томоохон халдлага болсны дараа тус улсын Засгийн газраас иргэдийг айдаст автуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Үүнтэй холбогдуулан "Швед улс терроризмд бууж өгөхгүй, нээлттэй, аюулгүй улс байх болно" гэж тус улсын Ерөнхий сайд Стефан Лёвен мэдэгдлээ. Ачааны автомашин хулгайлсан этгээд Стокгольм хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төв гудамж руу дайрч халдлага үйлджээ. Энэхүү халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ хэрэгт 39 настай Узбек гаралтай эрийг сэжигтнээр татсанаас гадна хэрэгт холбоотой байж болзошгүй бас нэгэн этгээдийг ням гарагт баривчилсан талаар албаныхан мэдээллээ. Хоёр сэжигтнээс Узбекистан эрийг энэ халдлагын гол буруутнаар сэжиглэн шалгаж байгааг албаныхан онцолжээ.
Стокгольм хотод онц байдал зарлаж, зарим замын хөдөлгөөнийг хаагаад байгаа бөгөөд ням гарагт олон мянган иргэд халдлага болсон газрын ойролцоох Сергельсторг талбайд цуглаж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлсэн байна. Арга хэмжээнд Шведийн Ерөнхий сайд болон тус улсын угсаа залгамжлах гүнж Виктория, сөрөг намын эрх баригчид оролцжээ. Дээрх халдлагын дараа "Швед улс цагаачдын эсрэг зөөлөн бодлого баримталдаг" гэсэн шүүмжлэл гарч эхэлсэн байна. Учир нь халдлагад сэжиглэгдэж буй этгээдийн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг албаныхан 2016 оны зургаадугаар сард буцааж байсан аж.
Үүнтэй холбогдуулан Шведийн Засгийн газраас түүнд өнгөрсөн оны 12 дугаар сард улсыг орхин явах захирамж хүргүүлсэн ч сэжигтэн этгээд шаардлагыг биелүүлээгүй байна. Түүнтэй ижил олон мянган хүнд энэ захирамжийг хүргүүлсэн гэдгийг хэвлэлийнхэн онцолжээ. Дашрамд дурдахад, Шведийн Стокгольм хотод Монгол Улсын 5000 гаруй иргэн оршин суудаг байна. Халдлагад монгол иргэн өртсөн тухай мэдээлэл байхгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй