“Rosneft“-ийн ашиг III улиралд 77 хувиар буурав
Газрын тосны олборлолтоор ОХУ-д тэргүүлэгч “Rosneft“ компанийн ашиг III улиралд 77 хувиар агшлаа. Тайлант хугацааны цэвэр ашиг нь 400 сая ам.доллароор хэмжигдэж байгаа нь шинжээчдийн таамаглаж байснаас доогуур дүн болж байгаа юм. Газрын тос олборлогчдыг дэмжих ОХУ-ын татварын бодлого нь компаниудад үнийн бууралтаас үл хамааран гарцаа нэмэгдүүлэх боломж олгосон төдийгүй рублийн ханшийн уналт нь зардлаа бууруулахад дэмжлэг болсон байна. Хэдий тийм боловч экспортын татвар өндөр байгаа нь ашгийн өсөлтөөс хойш татсаныг тус компанийн Гүйцэтгэх Захирал Игорь Сечин онцоллоо. “Rosneft”-ийн 75 орчим хувийг эзэмшдэг ОХУ-ын Засгийн газар компанийн 20 хувийг худалдаж, есөн тэрбум орчим фунт стерлингийн хөрөнгө босгохоо мэдэгдсэн юм. Энэ нь дээрх компанид тулгараад байгаа өрийн дарамтыг бууруулах зорилготой аж. Есдүгээр сарын 30-ны байдлаар “Rosneft”-ийн нийт өр 26.1 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Түүнчлэн тус компани IV улиралд 3.8 тэрбум ам.доллар, 2017 онд 12.9 тэрбум ам.долларын өрийн эргэн төлөлт хийх шаардлагатай байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй