Агуу нээлтээс энгийн хэрэглээ хүртэл

Авто зах зээл

Эдүгээ энгийн хэрэглээнд тооцогддог автомашины зарим технологи анх хэрхэн бий болсныг сонирхуулъя.

Дотоод шаталт ын хөдөлгүүр
Германы инженер Николаус Отто 1878 онд анхны дөрвөн тактат дотоод шаталтын хөдөлгүүрийг бүтээжээ. Харин хэрэглээнд өргөн нэвтэрсэн анхны хөдөлгүүрийг 1885 онд Карл Бенцийн бүтээсэн автомашинд ашигласан юм. Түүний “Моторваген” машин нэг морины хүч үл хүрэх чадалтай ганц цилиндрт хөдөлгүүртэй байв.

Их гэрэл, хөдөлгүүрийн стартер
Орчин цагийн машинд энгийн зүйл болсон их гэрэл, стартерыг 1912 оны Cadillac Model 30 Self Starter хэмээх машинд анх ашиглажээ. Гянт болд утас бүхий их гэрэл, хөдөлгүүр хялбар асаадаг технологи нь тухайн үедээ хувьсгал болсон байна. Чухам стартераас болж тухайн үед эхлэл төдий байсан цахилгаан хөдөлгүүрт машины хөгжил зогссон гэж үздэг.

Хурдны хайрцаг
Францын инженер, Renault компанийг үндэслэгч Луи Рено 1898 оны арванхоёрдугаар сард Парисын огцом хэвгий бүхий Рю Лепик гудамжийг өөрийн бүтээл Voiurette машинаар туулахаар шийджээ. Хурдны хайрцагныхаа ачаар Реногийн машин гудамжийг туулж чадсан тул франц инженер анх удаа 12 машины захиалга хүлээн авчээ.

Эргэлт заах дохионы гэрэл
Эхэн үеийн машинууд эргэх үедээ дэнлүү харуулдаг байснаа хожим нь сум хэлбэртэй заагч ашигладаг болжээ. Өдгөө бүгдийн танил болсон дохионы гэрлийн патентыг анх 1925 онд инженер Эдгар Вальтц авсан байна. Түүний патентын эрх 14 жилийн дараа дуусмагц уг технологи автомашинд өргөн нэвтэрчээ. Эргэлт заадаг дохион гэрэл бүхий анхны машин нь 1939 оны Buick Roadmaster загвар байв.

Шил арчигч
Автомашины хөгжилд эмэгтэй хүн хувь нэмрээ оруулсан цөөн тохиолдлын нэг нь шил арчигч. АНУ-ын иргэн, Мэри Андерсон 1903 оны өвөл байнга машинаасаа гарч шилийг нь арчиж буй жолоочоо хараад механик хийцтэй арчигч бүтээх санаа төржээ. Тэрбээр уг санаагаараа патент эзэмшигч болсон юм. Хожим 1917 онд Шарлотта Брижвуд хэмээх өөр нэг эмэгтэй мөн л шил арчих механик хийцээр патент авсныг 1926 онд Bosch компани худалдан авчээ. Хэрэглээ сайтай уг санаа мөн ондоо дэлхийн олон үйлдвэрлэгчдийн машинд өргөн нэвтэрчээ.

Аюулгүйн бүс
Аюулгүйн бүс нь бүр өнгөрсөн зууны эхнээс техникт өргөн нэвтэрсэн ч автомашинд хэрэглэдэг тэрхүү “Гурван цэгийн бүс”-ийг Шведийн Volvo компани анх сэдэж олсон юм. Эдүгээ сая сая хүнийг ослоос эсэн мэнд аварч буй уг технологийг 1959 онд Volvo PV 544 машинд анх ашигласан байна. Үүнээс өмнө энгийн буюу хоёр цэгт бэхлэдэг бүс ашигладаг байсан нь аюулгүйн байдлын үзүүлэлтээр шведүүдийн бүтээлээс хол дутуу байжээ.

Кондиционер
Конциционер буюу сэрүүцүүлэх төхөөрөмжтэй машиныг анх 1939 онд Чикагогийн автомашины үзэсгэлэнд сонирхуулжээ. Packard 12 хэмээх уг машинд нэмэлт сонголтоор суурилуулах үнэ тухайн үедээ 274 ам.доллар байсан нь шинэ машины үнийн гуравны нэгтэй тэнцэж байв. Кондиционероо ажиллуулах гэвэл жолооч хөдөлгүүрээ унтрааж, машины хамрыг сөхөн тусгай ременийг компрессорт нэмж угсардаг байв.

Аюулгүйн дэр
АНУ-ын зохион бүтээгч Аллен Брид 1967 онд автомашин саад мөргөхийг мэдэрдэг сенсер бүтээсэн нь аюулгүйн дэр үүсэх эхлэл болжээ. Аюулгүйн дэрийг 1971 онд Ford Taunus-т анх туршиж, жилийн дараа Oldmobile Toronado машинд нэвтрүүлэв. Гэхдээ уг технологи 1980-аад оны дунд үеэс л өргөн хэрэглээ болсон юм.

Жолооны хүрдний гидро өсгөгч
Өнгөрсөн зууны эхний 25 жилд машин жолоодох нь гарын булчин сайтай хүний ажил байв. Улмаар 1930-аад оноос анхны пневматик хийцтэй жолооны өсгөгч гарсан нь найдвар муутайгаас жолоочид түвэг учруулах нь илүүтэй байжээ. Хожим 1951 онд АНУ- ын Chrysler компани дээдсийн зориулалттай, ганган Crown Imperial хэмээх машиндаа анх гидро өсгөгч нэвтрүүлсэн. Европ тивд гидро өсгөгчийг 1954 онд Францын Citroen DS машинд анх ашиглажээ.


САНАЛ БОЛГОХ