Хэмнэлттэй бөгөөд ухаалаг сонголт
Баярыг хүндрэл багатай даван туулахад орлого, зарлагаа зөв тооцох нь чухал
Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ. Улаанбаатар хотын томоохон байгууллагуудын гаднаа зассан гоёмсог том гацуурууд хотын гудамжинд өнгө нэмж, энд тэндгүй анивчих гэрлэн чимэглэл баярын уур амьсгалыг улам тодруулна. Хоёр долоо ч хүрэхгүй хоноод айл бүхэн шинэ оноо угтаж, баяраа тэмдэглэх мөч тохиох гэж байна. Харин энэ оны баярын ширээний өнгө ямар байх бол.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2016 оны гурвадугаар улирлын нийгэм, эдийн засгийн байдлын үнэлгээгээр нэг ажилтны сарын дундаж цалин 884.3 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 47.4 мянган төгрөг буюу 5.4 хувийр өссөн дүнтэй байна. Үүнийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаас бодож тооцоолдог. Харин гуравдугаар улирлын байдлаар манай улсад 37.1 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 581.4 мянган ажилтан хөдөлмөр эрхэлж байна. Гэвч Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого буурсан үзүүлэлттэй байгаа. Тодруулбал, нэг өрхийн дундаж орлого 853.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 84.4 мянган төгрөгөөр багассан энэ үзэгдэл сүүлийн гурван улирлын турш үзэгдэж буй.
Гэсэн хэдий ч хүн бүхэн ирэх ондоо элбэг дэлбэг байхыг бэлгэдэж, баярын ширээгээ аль болох өнгө үзэмжтэй, дүүрэн байлгахыг хичээдэг. Хэдийгээр орлого ийнхүү буурч байгаа ч гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ жил арай хямд байна. Үүний Хэмнэлттэй бөгөөд ухаалаг сонголт нэг жишээ нь мах. Өнгөрсөн оны өдийд нэг кг нь 10 мянган төгрөг даваад байсан үхрийн махны үнэ энэ сарын 14-ний байдлаар ястай нь кг тутамдаа 5685, цул нь 7670 төгрөг байна. Харин хонины ястай мах нэг кг нь 4260, цул нь 5685 төгрөгийн үнэтэй байна. Гурилын үнэ ч мөн хоёрдугаар зэргийнхийг эс тооцвол буурсан үзүүлэлттэй байгаа юм. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынх болон долоо хоногийн түвшиндээ байгаа бол төмс, хүнсний ногооны дундаж үнэ төмс, байцааны үнэ бага зэрэг өсөж луувангийнх буурчээ.
Энэ нь өмнөх оныхоос хямд өртгөөр баярын ширээгээ чимэх боломжтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, бүтэн тахианы оронд хонины хаа, эсвэл гуя шарж, гахайн мах шарснаас үхрийн хэлэн зуушаар ширээгээ чимэх нь таны хэтэвчинд хэмнэлттэй байж болно гэсэн үг. Хүнсний ногоо энэ жил харьцангуй хямд байгаа нь олон төрлийн зууш бэлтгэх сонголтыг танд олгож буй. Өмнөх жилүүдийг бодоход польш, бангладеш, бельги алимыг та кг-ыг нь 3600-5600 төгрөгөөр худалдан авах боломжтой. “Саруул” худалдааны төв жимсний тал дээр хамгийн өргөн сонголт бөгөөд хямд үнэтэйд тооцогдож байна. Мандарин кг нь дунджаар 6000 төгрөгийн ханштай байна билээ.
Баярын бялууны сонголт мэдээж таны гарт бий. “Жүр үр”, “Батбайгаль” зэрэг үндэсний үйлдвэрлэгчдээс эхлээд “Tous les jours” нарийн боовны шинэхэн нээгдсэн сүлжээний бялууг сонгох боломжтой. Ажилдаа дарагдсаар 31-ний орой бялууны эрэлд гарч, олдохгүй “тэмцэлддэг” байсан үеийг бодоход өнөөдөр нарийн боов, бялууны үйлдвэрлэл өргөжиж, тэр хэрээр сонголт арвин болсон. Дотоодын үйлдвэрлэгчдийн бялуу 20-38 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол япон, солонгос зэрэг гаднын бялууны үнэ 30,900-47,900 төгрөгт хэлбэлзэж байна. Ийм хэмжээний бялууг хэрэв та цаг завтай бол 15 мянган төгрөгт багтаан “авах” боломжтой. Энэ бол шинэ жилийн оройн ширээг чимэх таны гарын бялуу.
Оргилуун дарсгүйгээр шинэ жилийн ширээг төсөөлөхийн аргагүй. "World Wine" дэлгүүрээс эхлээд оргилуун дарсны өргөн сонголтыг олгох байгууллага олон болжээ. Сонголт бага байх үед хойд хөршөөс оруулж ирдэг 6000 төгрөгийн үнэтэй “Советьское” оргилуун дарсны үнэ гурав дахин нугардаг байсан цаг ард хоцорсон. Та дурын сүлжээ дэлгүүрт ороод 8000-80,000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй тансаг зэрэглэлийн оргилуун дарсаар ширээгээ чимэх боломжтой.
Хэрэв та анзаарсан бол сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих иргэдийн сэтгэлгээ илүү тэлж буй. Импортын элдэв ундаанаас илүү эх орны үйлдвэрийн чацаргана, аньсны ундаагаар хүүхдүүдээ дайлахыг ээж, аавууд эрхэмлэдэг болжээ. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд тустайгаас гадна эдийн засагт мөн хэмнэлттэй. Та ч бас энэ хүмүүсийн эгнээнд нэгдэж болно.
Харин одоо гацуур модны үнэ ямар байгааг дурдъя. Зөвхөн 180 см өндөртэй гацуур содны үнийг сонирхоё. “Нарантуул” худалдааны төвд ийм хэмжээний гацуур мод дунджаар 180 мянган төгрөгийн үнэтэй зэрэг байгаа бол III, IV хороололд 220 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Чимэглэл, хашаа нь орвол 250 мянга болж өснө. Харин “Макс молл”, “Номин” зэрэг их дэлгүүрт 600-740 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Хэрэв хуучин гацуур тань тийм ч муудаагүй бол 20-50 мянган төгрөгт багтаагаад чимэглэлийг нь солиход энэ жилийн хувьд зөв сонголт ч байж мэднэ.
Худалдаа эрхлэгчдийн хувьд эд сезон орж буй үе. Ялангуяа, шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон баяраар худалдан авалт мэдэгдэхүйц нэмэгдэж, тухайн жилийн орлогын оргил үед тооцогддог. Гэвч энэ жил тийм ч их өөрчлөлт харагдахгүй байгаа талаар худалдаа эрхлэгчид ярьж байна. Эдийн засгийн нөхцөл байдал улс орон даяар хүндэрч, ажилгүй иргэдийн тоо өссөн гээд айл бүрийн санхүүгийн байдал амаргүй байгаа нь үүнд нөлөөлж буй биз ээ. Энэ хүнд үед тансаг биш ч дутуу зүйлгүй шинэ оноо угтахад боломж мэдээж бүрэн байна. Тэр тусмаа арванхоёрдугаар сар бол хамгийн зардал өндөртэй үеүдийн нэг. Албан газрын, найз нөхдийн, гэр бүлийн шинэ жилийн хажуугаар төрсөн өдрүүд бас тохионо. Тиймээс энэ сарыг хүндрэл багатай даван туулахын тулд орлогоо зөв тооцоолж, зарцуулах нь хамгийн чухал алхам. Үнэ ханшийн дээрх мэдээллээс харахад шинэ жилийн баярын ширээгээ 100,000 төгрөгт багтаагаад сайхан чимэглэх боломж байна. Бүх сонголт таны гарт бий.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй