Илүү сартай өвлийн сануулга

Мэдээ

Нэг, хоёрдугаар сард хүйтний эрч улам чангарч, ахиу хэмжээний цас орно

Билгийн тооллоор өчигдрөөс ес эхэлж байна. Энэ нь нэг ёсондоо цочир хүйтрэлт эхэллээ гэсэн үг. Балчир ес эхлэхтэй зэрэгцээд өвөлжилт хүндэрч байгаа мэдээ чих дэлсэх болов. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндэрчээ.

Ялангуяа, баруун, төв, зүүн аймгуудын зарим хэсгээр тал газраа 25-35 см, гуу жалгандаа 40- 90 см-ийн зузаан цастай байгаа аж. Цас нягтаршиж хатуурснаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтан идэш хоолгүйн улмаас уулнаас буух үзэгдэл тохиолдож буй талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх- Амар хэллээ. Тэрбээр “Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байна. Мөн хилийн зурвас, отрын бүст 16148 малчин өрхийн 6.6 сая толгой малыг өвөлжүүлж байгаа” гэлээ.
Зарим сум нөөцөндөө өвсгүй байсан тухай ч хэлж байв
Жил бүрийн өвөл цас их орвол Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 сумын 142 даваа цасанд хаагддаг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангасан гэдгийг ч хэллээ. Цаашдаа цас нэмж орвол Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт байдал хүндрэх төлөв ажиглагджээ.

Голдуу хойд зүгийн бүс нутгуудад 60 см цасан бүрхүүл тогтоод байна гэсэн мэдээллийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас гаргаад байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Одоогоор Говь-Алтай аймгийн Алтай суманд гурван см зузаан цас ороод байна. Гэтэл говийн аймагт долоон градус хүртэл дулаарсан. Энэ нь цас хайлж мөсөн бүрхүүл тогтох эрсдэлийг үүсгэж байгаа. Арванхоёрдугаар сарын 27, 28- ны өдөр зүүн аймгийн нутгаар их хэмжээний цас орж, цочир хүйтэрнэ. Харин шинэ жилээр хүйтний эрч бага зэрэг суларна. 2017 оны нэг, хоёрдугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөв ажиглагдсан” гэлээ. Мөн томоохон голуудын сав газраар их хэмжээний цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж. Өвөл илүү сартай учраас эрт хүйтэрч эхэлсэн гэдгийг онцлов.

Иймээс хүйтний эрч огцом нэмэгдэж буй үед малчид, орон нутаг руу тээвэрт явдаг хүмүүс дулаан хувцаслаж явахыг ч сануулсан юм. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл хангахад тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөж, шаардлагатай зүйл авсан гэсэн мэдээллийг ч мөн өглөө. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд малчид эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрч, эрүүл мэнд, амь насаараа хохирдог тул 21 аймагт түргэн тусламжийн машин хуваарилаад байгаа юм.

Түүнчлэн НҮБ, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид орон нутагт очиж ажилласан байна. Өвлийн өнтэй давлаа гэхэд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул эртнээс сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж буйгаа ч дуулгав. Өвөлжилт хүндэрсэн орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг хүсчээ. Түүнчлэн шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх туулах чадвартай машин олгохыг хүссэн өргөдөл цөөнгүй ирсэн байна.

ОБЕГ-ынхны ажлын хэсгийнхнийг хөдөө орон нутагт ажиллахад сумд өвс тэжээлийн нөөцийг хангалттай сайн бэлтгээгүй байжээ. Зарим сум нөөцийн фондоо өвсгүй байсан тухай ч хэлж байв. Ерөнхийдөө Монгол Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн гэсэн дүгнэлт гаргаж буйгаа тэд мөн хэлсэн юм.
САНАЛ БОЛГОХ