Хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр

Мэдээ

Дэлхийн зарим улс оронд нарны эрчим хүч нүүрснээс хямд өртөгтэй байна. 10 хүрэхгүй жилийн дотор нарны эрчим хүч хамгийн хямд өртөгтэй эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой гэж шинжээчид үзэж байгаа юм. Тухайлбал, 2016 онд Чили, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс нарны цахилгаан үүсгүүрээс эрчим хүч гарган авахдаа киловатт/цагийн үнэлгээг гурав хүрэхгүй центээр тооцож, гэрээ хэлэлцээр хийжээ. Энэ нь өмнөх амжилтуудыг эвдсэн тохиолдол болсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлд нүүрснээс эрчим хүч гаргаж авах дундаж өртгийн талтай нь тэнцэж байжээ. Түүнчлэн Саудын Араб, Иордан, Мексик зэрэг улс нарны эрчим хүчний өртгийг бууруулах зорилт тавьж, тендерүүд зарлаад байна. Үүнээс гадна Италийн "Enel", Ирландын "Mainstream Renewable Power" зэрэг компаниудад олгох татаасын хэмжээг тухайн улсын Засгийн газар бууруулж байгаа тул эдгээр компаниуд шинэ зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа аж.

2009 оноос хойш нарны эрчим хүч гарган авахад зарцуулах өртөг 62 хувиар буурсан нь банкнуудын зээлийн эрсдэлийн нэмэгдлийг бууруулах болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээд түвшинд хүртэл нэмэгдүүлэх боломжийг олгож байна. 2025 он гэхэд нарны эрчим хүчний өртөг нүүрснийхээс хямд түвшинд хүрнэ гэж "Bloomberg"-ийн шинжээчид таамаглажээ. Тухайлбал, нэг ватт нарны эрчим хүчийг гарган авахад шаардлагатай зардал 2025 он гэхэд 73 центэд хүрэх бөгөөд энэ нь одоогийн түвшнээс 36 хувиар хямдрах төлөвтэй байгаа ажээ. Нарны эрчим хүчний өртгийн бууралтын хурд улс орон бүрд харилцан адилгүй байгаа юм. Нүүрс импортолдог Бразил болон Европын улсуудын хувьд 2020 он гэхэд нарны эрчим хүчийг одоогийнхоос хавьгүй хямд өртгөөр ашиглах боломжтой гэж харж байна.

Харин дотооддоо нүүрсний нөөц ихтэй БНХАУ, Энэтхэг зэрэг улсын хувьд нарны эрчим хүчний өртгийг бууруулахад илүү их хугацаа шаардлагатай байгаа юм. Нарны эрчим хүчний хамгийн том зах зээл болох БНХАУ 2030 он гэхэд нарны цахилгаан үүсгүүрээс эрчим хүч гарган авах өртөг нүүрснийхээс хямд түвшинд хүрнэ гэж "New Energy Finance"-ийн шинжээчид таамаглаж байна. Тус улс нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаараа Герман улсыг даваад байгаа аж. Учир нь БНХАУ-ын Засгийн газраас нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа юм.



САНАЛ БОЛГОХ