Монгол Улс ардчиллын туршлагаа хуваалцав

Мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар улсад гурав хоногийн ажлын айлчлал хийлээ. Өнөөдөр өндөрлөсөн энэхүү айлчлал олон улсын анхаарлыг татсан нэг үйл явдал болсон. Эдийн засгийн хөгжил сайнгүй ч Мьянмар улс ардчиллын төлөө олон жил тууштай тэмцсэнээрээ дэлхий нийтэд танигдсан улс. Мьянмар ардчилсан засаг төртэй болоод гурван сар ч болоогүй байгаа. Ийм үед тус улсад Монгол улсын төрийн тэргүүн айлчилсан нь яах аргагүй олон улсын анхаарлыг татаж байна.

Ерөнхийлөгч өмнө нь Мьянмарт 2013 онд айлчилж байсан. Тэр үед Монгол, Мьянмар, Мозамбик гурвыг байгалийн нөөц баялгаараа хөрөнгө оруулалт хамгийн ихээр татах боломжтой улсууд гэж тооцдог байсан. Үүнээс “M3” гэдэг нэршил хүртэл бий болсон юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт татах байдлаараа Монгол улс Мьянмарыг өрсөлдөгчөө гэж харж болох эдийн засгийн нөхцөл бий. Гэхдээ Мьянмар улсын хувьд ардчилсан засаглалаа бэхжүүлэх, ардчиллыг бүхий л талбартаа хэрэгжүүлэх нь юу юунаас илүү чухал байгаа. Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал Мьянмар улсын хувьд чухал ач холбогдолтой гэж олон улсын шинжээчид харж байна.


Үүнээс өмнөхөн зургадугаар сарын 7-9-ны өдрүүдэд Сингапурын Ерөнхий сайд Мьянмарт айлчилсан. Гэхдээ энэ нь цэвэр эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг өргөтгөхөд чиглэсэн айлчлал байсан. Харин Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хувьд хоёр улс ардчиллын туршлагаа харилцан хуваалцаж, харилцаагаа өргөжүүлнэ гэдгийг талууд онцолж байгаа. Лхагва гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзсан. Энэ уулзалтын үед Аунг Сан Сү Чий “Ардчиллыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж буй Монголын ард түмэнд талархал илэрхийлье” гээд “Харилцан туршлагаа хуваалцан хамтран ажиллах нь хоёр талын харилцааг эрчимтэй хөгжүүлэхэд чухал үүрэгтэй” гэж онцолсон. Энэ нь Монгол Улс ардчиллыг хөгжүүлсэн туршлагаараа дэлхийд танигдсаныг зөвшөөрсөн гэж хэлж болох юм.

Энэ удаагийн айлчлал нь хоёр талын бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилготой байсан. Айлчлалын үеэр хоёр том арга хэмжээ зохион байгуулагдлаа. Үүний нэг нь "Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2" уул уурхай, эрдэс баялгийн сайд нарын олон улсын семинар байсан юм. Энэхүү семинарт Монгол, Мьянмар, Киргиз тэргүүтэй таван орны эрдэс баялгийн салбарын 80 гаруй төлөөлөгч оролцсон. Монгол, Мьянмар улсууд газар зүйн байршлын хувьд түүхий эдийн том зах зээлтэй хөрш зэргэлдээ оршдогоороо төстэй. Энэтхэг, Хятадтай хиллэж байгаа Мьянмар улс түүхий эдийн нөөц ихтэй учир энэ салбарт харилцан туршлага солилцох сонирхол их байна. Ерөнхийлөгчийн гурван өдрийн айлчлалын үеэр Монгол, Мьянмарын бизнесийн зөвлөлийг байгуулж, Мьянмарын Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг Монголын үндэсний аж үйлдвэрийн зөвлөл санамж бичгийг үзэглэсэн.

Хоёр дахь чухал арга хэмжээ нь хоёр талын бизнесүүдийг холбож өгсөн Монгол Мьянмарын бизнесийн уулзалт байсан. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх боломжтой гэж бизнесийнхэн дүгнэсэн юм. Уулзалтын үеэр Монголын аж үйлдвэрлэгчдийн холбоо, Мьянмарын худалдааны танхим хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг айлчлал хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж байгаа учраас эхний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяутай албан ёсны хэлэлцээ хийсэн байгаа.


Монгол-Мьянмарын иргэд визний хөнгөлөлттэй зорчих талаар хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Хэдийгээр хэзээнээс визгүй зорчиж эхлэх нь одоогоор тодорхгүй байгаа ч энгийн паспорттой иргэд аялахад хялбар болно гэж Ерөнхийлөгч онцоллоо. Сингапурын Ерөнхий сайдын Мьянмарт хийсэн айлчлалын үеэр Сингапурын иргэд энэ оны 12-р сараас эхлэн Мьянмар руу 30 хүртэл хоногоор визгүй зорчих боломжтой болсон юм. Мьянмар улс Камбож, Лаос, Вьетнам, Индонез, Бруней, Филиппин болон “ASEAN”-ийн орнуудтай визгүй зорчих эрхтэй.

Д.Хаш-Эрдэнэ

Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com

anu.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ