Бээжин хотын шинэ захирагч "Агаарын бохирдолтой тэмцэх"-ээ амлав
Бээжин хотын шинэ захирагч БНХАУ-ын өмнө тулгамдсан гол асуудлуудын нэг агаарын бохирдолтой тэмцэнэ гэж амлалт өглөө. Нийслэл хотын дарга Кай Чи "Агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, бохирдлын түвшнийг их хэмжээгээр бууруулах ёстой" гэж Бээжин хотын төлөөлөл болон хүрэлцэн ирсэн 22 сая гаруй иргэнд хандан хэлсэн байна. Тэрбээр "Ирэх таван жилийн хугацаанд аюултай түвшинд хүрсэн агаарын бохирдлын хэмжээг 30 хувиар бууруулж, орчны бохирдолд гол нөлөө үзүүлэгчдэд шахалт үзүүлэн, шаардлагагүй үйлчилгээнүүдийг зогсооно" гэдгээ энэ үеэр амлажээ. Хэдий тийм боловч Бээжин хотын өмнөх захирагчдын хувьд мөн адил агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийлж байсан ч амлалтдаа хүрэлгүй нэлээд шүүмжлэлд өртөж байсан юм. Тухайлбал, өмнөх засаг дарга Ван Аншун 2014 онд агаарын бохирдлын асуудлыг хяналтдаа авч, шийдвэрлэнэ гэж амлаж байсан боловч өнгөрсөн 10 дугаар сард өөр албан тушаалд шилжсэн байна. Мөн тэрбээр нэгэн удаа "Бээжин хотод таатай амьдрах боломжгүй" гэж тодорхойлж байжээ.
Хэдийгээр агаарын бохирдлыг бууруулахаар хотын засаг захиргаанаас олон ажил санаачлан хэрэгжүүлсэн боловч Бээжин хотын бохирдлын хэмжээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосон хэмжээнээс 10-20 дахин их байгаа ажээ. Хэрвээ шинэ хотын даргын хэлсэнчлэн ирэх таван жилийн хугацаанд агаарын бохирдлыг 30 хувиар бууруулсан тохиолдолд бохирдлын дундаж түвшин энэ үзүүлэлтэд дөхөж очно гэж шинжээчид үзэж байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй