Барселонд халдлага гарч, 13 хүний аминд хүрчээ
Испанийн автономит бүс нутаг Каталон мужийн Барселон хотын хамгийн алдартай өргөн чөлөөнд пүрэв гарагт автомашинаар халдлага үйлдэж, 13 хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Барселон хотын "Las Ramblas" дүүрэгт болсон тус халдлагын улмаас 100 гаруй хүн гэмтэж, 15 хүний биеийн байдал тааруу байгааг албаныхан мэдэгджээ. Одоогоор тус хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа юм. Цаашид амиа алдсан хүмүүсийн тоо өсөж магадгүйг Каталон мужийн Засаг захиргаа мөн мэдэгдсэн. Онцгой байдлын албан хаагчид болон эмнэлгийн албаныхан хэргийн газар шуурхай ажиллаж, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Испанийн цагдаагийн албан хаагчид халдлага үйлдсэн этгээдийг одоог хүртэл эрэн сурвалжилсаар байгаа юм. Цагдаа нар хотын гаднаас Испани болон Марокко иргэншилтэй хоёр хүнийг баривчилсан ч халдлага үйлдсэн автомашины жолооч тэдний дунд байгаагүй аж. Цагдаагийн албан хаагчид автомашины жолоочийг буудcан байна. Гэсэн хэдий ч жолооч энэ халдлагад ямар нэгэн байдлаар холбоогүй гэж Каталон мужийн Цагдаагийн алба мэдэгджээ. Үүнээс гадна пүрэв гарагийн өглөө дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдсан. Тус хэргийг Барселон хотод болсон халдлагатай холбоотой байж болзошгүй гэж албаныхан мэдээлж байгаа юм. Барселон хот Жихадист террористуудын халдлагад өртсөн учраас Испани улс нэгдмэл байдлаа хадгалах хэрэгтэй гэж Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой байр сууриа илэрхийлжээ. Улмаар Исламын улс бүлэглэл тус халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн Испанийн цагдаагийн албан хаагчид Каталон мужийн эргийн боомт хот Камбрилст гарч болзошгүй байсан хоёр дахь террорист халдлагыг зогсоосон аж. Тодруулбал, сэжигтэй дөрвөн этгээдийг буудан хөнөөж, иргэдийг гудамж талбайд гарахгүй байхыг анхааруулаад байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй