Мун Жэ Ин: БНАСАУ-ын заналхийлэлд хатуу арга хэмжээ авах нь зөв

Мэдээ

Өнгөрсөн баасан гарагт Цагаан ордонд болсон АНУ болон БНСУ-ын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар талууд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн аюул заналхийлэл болон худалдааны асуудлыг голчлон хэлэлцсэн байна. Уулзалтаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-ын асуудлаарх байр сууриа тодорхой болгохыг зорьж байсан юм. Харин Дональд Трампын хувьд "БНАСАУ-д үзүүлэх стратегийн хүлээцтэй бодлогын эрин үе дуусгавар болсон" хэмээн онцоллоо. Мөн тэрбээр удаан хугацааны турш үргэлжилж буй хоёр талын харилцааг сайшаагаад, АНУ холбоотон улсуудаа үргэлж хамгаалах болно гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ болон БНСУ-ын холбоотны харилцаа дэлхийн хамгийн аюултай бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үндэс суурь нь юм. Харин одоо бид БНАСАУ-ын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр, тус улсын харгис хэрцгий дэглэм зэрэг олон аюул заналхийлэлтэй нүүр тулаад байна.

Үүнд тохирсон хариу арга хэмжээ авах шаардлагатай. Умард Солонгост үзүүлэх стратегийн хүлээцтэй бодлогын эрин үе бүтэлгүйтлээ. Олон жилийн турш энэ бодлого бүтэлгүйтсэн. Өөрөөр хэлбэл тус улсад үзүүлэх тэвчээр дуусгавар болсон" гэж мэдэгдсэн байна. Ийнхүү уулзалтын дараа талууд БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн аюул заналхийллийн эсрэг хамтран ажиллахаа амласан юм. Улмаар хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин "Ирак АНУ-ын холбоотны харилцааг хөгжүүлэх, БНАСАУ-ын цөмийн асуудал болон Солонгосын хойгт энх тайвныг тогтоох зэрэг олон асуудалд Дональд Трамптай зөвшилцөлд хүрсэн" гэдгээ илэрхийлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин "Миний бие Ерөнхийлөгч Дональд Трампын тууштай байр суурийг баталгаажуулж, түүнтэй зөвшилцөлд хүрлээ.

БНАСАУ-ын аюул заналхийлэл, өдөөн хатгасан шинжтэй үйлдэлд хатуу хариу арга хэмжээ авах ёстой. Ерөнхийлөгч Дональд Трамп болон миний бие энэ асуудлыг шийдвэрлэхийг тэргүүлэх зорилгоор тодорхойлж, илүү ойр, тохиромжтой бодлого баримтлахаар шийдвэрлэсэн. Үүгээр ч зогсохгүй хориг арга хэмжээ болон яриа хэлэлцээрийн аль алиныг нь хэрэгжүүлж нэгдсэн байр суурьт хүрэх болно" хэмээн онцоллоо.



САНАЛ БОЛГОХ