ОХУ, Саудын Араб улсад зэр зэвсэг нийлүүлэх хэлэлцээр байгуулав

Мэдээ

ОХУ, Саудын Араб улсад зэр зэвсэг нийлүүлэх хэлэлцээр хийлээ. Саудын Арабын Хаан Салман бин Абдул Азиз нь Москва хотноо түүхэн айлчлал хийж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын хааныг хүлээн авч уулзсаныхаа дараа "Хоёр талын хувьд маш чухал ач холбогдолтой үйл явдал" болж байгааг цохон тэмдэглэсэн байна. Уулзалтын үеэр Саудын Араб газрын тосны зах зээлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд ОХУ-тай үргэлжлүүлэн хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. OPEC-ийн хэлэлцээрийн хүрээнд ОХУ энэ хэлэлцээрийг 2018 оны эцэс хүртэл сунгах саналд нэгдэж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч хэлэлцээр ирэх гуравдугаар сард эцэслэх хүртэл нөхцөл байдлыг ажиглана гэдгээ онцолжээ. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр тал газрын тосны гарцыг танах тухай хэлэлцээрийг сунгах талаар зөвшилцөлд хүрч магадгүй байгаа юм. Мөн ОХУ-ын зүгээс Саудын Арабд "S-400" дэвшилтэт агаарын хамгаалалтын систем, танк эсэргүүцэх зэвсэг, олон пуужин хөөргөх систем нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

Мөн хоёр тал худалдаа, эдийн засаг, харилцаа холбоо, аюулгүй байдалтай холбоотой олон салбарт гэрээ, баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Тухайлбал, Саудын Араб, ОХУ цэрэг-техникийн хамтын ажиллагааны комисс байгуулахаар болсон тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Саудын Арабын Хаан Москвад айлчилж байгаа нь тус улс Ойрх Дорнод дахь улс төрийн тэнцвэрийг өөрчлөх зорилготой гэж ажиглагчид харж байна. ОХУ Сирийн Ерөнхийлөгчийг дэмжиж ирсэн бол Саудын Араб үүний эсрэг байгаа талуудыг дэмжиж ирсэн юм. Хэдий тийм боловч Салман бин Абдул Азиз Саудын Арабын Хаан болсноос хойш тус улсын ОХУ-тай харилцах харилцаа сайжирсан байна. Түүнчлэн Саудын Арабын Хаан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийгээд байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард эрчим хүчний салбарт нэг ижил байр суурьтай, ижил эрх ашгийн дор нэгдэж байсныг ажиглагчид онцолжээ. Түүнчлэн дээр хоёр улсын гадаад худалдаа өнгөрсөн онд 2.8 сая ам.доллараар хэмжигдэж байв.



САНАЛ БОЛГОХ