Испанийн Засгийн газар Каталоны салан тусгаарлах оролдлогыг зогсоох арга хэмжээ авч магадгүй
Испанийн Засгийн газар Каталоныг хяналтдаа авч, салан тусгаарлах оролдлогыг нь зогсоохоор төлөвлөж байна. Тус улсын Ерөнхий сайд Мариано Рахой энэ хүрээнд Каталоны Засгийн газрыг огцруулах, Парламентын бүрэн эрхэд нь хязгаарлалт тавих зэрэг арга хэмжээ авах санал оруулжээ. Түүний саналыг Испанийн Парламентын доод танхим энэ баасан гарагт батлах төлөвтэй байна.
Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой "Бид Каталоны Засгийн газрын эсрэг Үндсэн хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Урьд өмнө нь ийм арга хэмжээ авч байгаагүй учраас энэ заалтыг хэрэгжүүлэх явц саатахгүй байгаасай гэж хүсэж байна. Энэ хүрээнд сонгууль явуулах шаардлагатай болж байгаа. Энэ сонгуулийг боломжтой үед нь хийх хүсэлтэй байна. Каталоны Ерөнхийлөгч Карлес Пуигдемон надтай зөвхөн Каталон Испаниас салан тусгаарлах нөхцөл, тусгаар тогтнолоо зарлах товын талаар ярилцахыг хүссэн. Испанийн Ерөнхий сайдын хувьд би ийм хэлэлцээ хийх боломжгүй. Каталоны Ерөнхийлөгч үүнээс өөр асуудлаар хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдсэн" гэсэн байна.
Үүний зэрэгцээ Испаниас салан тусгаарлахыг дэмжсэн олон зуун каталончууд Засгийн газраас тусгаар тогтнолыг зарлахыг хүсэж, жагссан байна. Каталоны Парламентын чуулга уулзалт энэ пүрэв гарагт болох бөгөөд чуулга уулзалтаар Испаниас салан тусгаарлахаа албан ёсоор зарлахыг жагсагчид хүсжээ. Каталоны Ерөнхийлөгчийн хувьд Испанийн эрх баригчид Каталоны Засгийн газрыг огцруулах шийдвэрийн хүрээнд давж заалдах боломжтой гэдгийг ажиглагчид онцолж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй