Аюултай хог хаягдлыг дахин боловсруулна

Мэдээ

Дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэн даруй эхлэх хэрэгтэй байна

    Монголчууд жилд 27-54 мянган тонн аюултай хог хаягдал үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, иргэн бүр жилд 8.7 тонн аюултай хог хаягдал үүсгэгч гэсэн үг юм. Гэтэл улсын хэмжээнд эдгээр хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байтугай “булшлах” тусгай цэг ч байдаггүй нь бид аюултай орчинд аж төрж, эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар байгааг илтгэнэ.

Зөвхөн аюултай гэлтгүй энгийн хог хаягдлыг ч төрлөөр нь ялган ангилдаг жишиг олон улсад нэвтрээд удаж буй. Тухайлбал, үйлдвэрлэлийн гэх ангилалд будаг, лак, цавуу, зэс, цайр, хар тугалга, цианиттай хаягдал багтана. Харин шатахуун, автомашины тос, хэрэглээнээс гарсан хуруу зай, компьютер, зурагт, хөргөгч, аккумлятор зэрэг нь өдөр тутмын хэрэглээний хог хаягдалд тооцогддог.

Манай улсын Хог, хаягдлын тухай хуульд зааснаар аюултай хог хаягдал нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг ахуйн болон үйлдвэрлэлийн бохирдлыг хэлдэг байна. Мөн зарим төрлийн аюултай хог хаягдал нь төрөл бүрийн халдвар, нян тээгч болдог тул хүн, амьтны эрүүл мэнд, амь насанд хоромхон зуур эсвэл урт удаан хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

• Аюултай хог хаягдлын 10-40 гаруй мянган тонн нь хөрс агаараар дамжин байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд аюул учруулж байна.

• Жилд 310 мянган аккумлятор, 1500 тонн хүхрийн хүчил, 62 мянган тонн моторын тос, 620 мянган ширхэг тосны фильтр хаягддаг.

• Эрүүл мэндийн байгууллагууд дунжаар 2.65 тонн хог хаягдал гаргаж байна.

Нэг тээврийн хэрэгслээс гэхэд 10 орчим төрлийн хог хаягдал гардаг гэх тооцоо бий. Улсын хэмжээнд бүртгэлтэй 620 мянга, нийслэлийн 380 мянган тээврийн хэрэгсэл хоёр жилд нэг удаа аккумлятороо сольдог гэж тооцвол жилд 310 мянган аккумлятор, 1500 тонн хүхрийн хүчил, 62 мянган тонн моторын тос, 620 мянган ширхэг тосны фильтр хаягддаг гэсэн үг. Үүнээс гадна хурдны хайрцгийн тос, хөлддөггүй шингэн, тоормосны шингэн, накладыг тооцвол автомашинаас гарах аюултай хаягдлын урт цуваа хөвөрнө.

Харин эрүүл мэндийн байгууллагууд дунджаар 2.65 тонн хог хаягдал үйлдвэрлэж байгаагийн 0.78 мянган тонн нь эмнэлгийн, үлдсэн нь ахуйн хог хаягдал байдаг аж.

Иймээс НИТХ-ын шийдвэрээр аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр Багануур дүүрэгт байгуулахаар болж, 10 га газрыг ирэх оны газар зохион байгуулалтад тусгаад байгаа аж. Үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийг БОАЖЯ боловсруулах юм байна.

Гэхдээ уг шийдвэрийг Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир эсэргүүцэв. Тэрбээр эсэргүүцэж буй шалтгаанаа аюултай хог хаягдлын цэг, үйлдвэр байгуулах төлөвлөгөө, байгууламжийн зураг төсөл, үйл ажиллагааны бэлэн төлөвлөгөө байхгүй байгаатай холбон тайлбарлав. Түүнчлэн бүхэл бүтэн нэг дүүргийн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байхад саналыг харгалзалгүй ийм шийдвэр гаргах нь буруу гэж үзэж байгаа аж. Улаанбаатар хотод үүссэн аюултай хог хаягдлын 8000 орчим тонныг шатаадаг бол 1300 тонныг дахин боловсруулдаг. Харин мянга гаруй тонныг газарт булж, 500 тонн нь физик, химийн боловсруулалтад ашигладаг аж. Харин үлдсэн 10- 40 гаруй мянган тонн нь хөрс, агаараар дамжин байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд аюул учруулж байгаа юм.

Тиймээс зөвхөн аюултай гэлтгүй бусад төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлаа нэн даруй эхлэх хэрэгтэй байна.

БАЙР СУУРЬ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙГАА

Аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрээ яагаад Багануур дүүрэгт байгуулахаар шийдсэн тухай нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас тодрууллаа.

-Өнөөдөр Улаанбаатар хотын төвд эсвэл бусад дүүрэгт 10 га газар гаргах боломж байхгүй нь нүднээ илт байгаа шүү дээ. Тиймээс Багануур дүүрэгт аюултай хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар 10 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, шийдвэрлэж өгөхийг нийслэлийн удирдлагаас бид хүссэн. Өөрөөр хэлбэл, Багануур дүүрэг хамгийн боломжтой нь.

Энэ бол дахин боловсруулах үйлдвэр болохоос биш аюултай хог хаягдлыг газарт булах эсвэл нэг цэгт төвлөрүүлээд орхино гэсэн үг биш юм. Аюултай хог хаягдлыг нэг дор төвлөрүүлж, ангилан ялгаж, дахин боловсруулах бүх шат дамжлага хуулийн дагуу явагдана. Энэ бол байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй шийдвэр. Харин үйлдвэр байгуулах төсөл, хөтөлбөр боловсруулах ажлыг БОАЖЯ хариуцаж байгаа. Цаашид үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэх болно.

ХОГИЙН ЦЭГ, ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир

-Багануур дүүрэгт аюултай хог хаягдлын цэг байгуулахыг зөвшөөрөхгүй. БОАЖЯ-нд ч аюултай хог хаягдлын цэг байгуулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, албан тоот явуулсан.

Хэдийгээр ийм хогийн цэг байгуулах нь зүйтэй ч юуны өмнө төсөл, хөтөлбөрөө танилцуулж, ард иргэдийн санал хүсэлтийг сонссоны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Ард иргэд зөвшөөрвөл бид эсэргүүцээд байх шаардлагагүй. Гэтэл аюултай хог хаягдал гэдэгт ямар хаягдлыг багтааж байгаа болон 10 га газар дээр барих гэж байгаа зүйл нь дахин боловсруулах үйлдвэр эсвэл төвлөрсөн хогийн цэг байх юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Үндсэндээ иргэдийн гар дээр тавиад энэ гээд үзүүлж, харуулчих төсөл, хөтөлбөр огт алга. Мөн дүүргийн иргэдийн саналыг ч харгалзан үзээгүй.
САНАЛ БОЛГОХ